Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгджээ. Урамшууллыг арваннэгдүгээр сарын 1-наас 5 хошуу малын сүүнд олгож буй.
Сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсээр байна. Тэд үндэсний "Сүү", "Тэсо", "Өлзий" зэрэг компаниудад сүүгээ өвөл, зунгүй нийлүүлдэг гэв.
Тухайлбал, иргэн Ч.Лхагвадулам өнөө жилээс эхлэн төр литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал өгч эхэлснийг сайшааж байна. Тэрбээр "Зундаа өдөр бүр 180-200, өвөлдөө өнжөөд 100 литр сүүг компанид нийлүүлдэг гэнэ. Улмаар урамшуулал нь тэжээлийн чанараа сайжруулах, аж ахуйгаа тордоход маш том тус нэмэр болж буй. Хамгийн гол нь гараар саасан халуун сүүгээ шүүгээд шууд сүүний машинд ачуулдаг" гэв. Харин аж ахуйн нэгжүүд сүүний урамшуулал 500 байсныг 1000 болгосноор хүйтний улиралд ч шинэ эко сүү хэрэглэгчдэд нийлүүлэх боломж 50 хувиар нэмэгдсэнийг онцолж байна.