Томоохон эмнэлгүүдээс хамгийн ачаалалтай нь хэрнээ хамгийн цөөн буюу ердөө 219 ортой нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ). Улсын хэмжээнд эрт илрүүлгийг зохион байгуулснаар хавдраар оношлогдох хүний тоо нэмэгдэж буй аж. Ялангуяа орон нутагт уг өвчнөөр оношлогдсон иргэд улсдаа ганц ХСҮТ-ийг зорьдог. Тиймээс тус төвийн үе үеийн удирдлага ачаалал ихтэй учраас “Хавдар-2” эмнэлгийг барих хүсэлтийг холбогдох албаныханд тавьсаар ирсэн гэнэ. Гэтэл Монгол Улс хавдрын зарим өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байхад бодлого гаргагчид энэ талаар дорвитой ажил бараг хийгээгүй гэхэд болохоор. Учир нь ирэх оны төсөвт тус эмнэлгийн хоёрдугаар байрны төсвийг суулгахаар төлөвлөж байсан ч төсөл боловсруулахдаа хасжээ. Эл эмнэлгийн нөхцөл байдал, ачаалал хэр байгааг өнгөрсөн долоо хоногт сурвалжиллаа.
Монгол ганцхан хавдрын эмнэлэгтэй болохоор ачаалал их. Хэдэн жилийн өмнө өдөрт 200-300 хүнд үйлчилж байсан бол одоо 800-900 болж нэмэгдсэн. Өвдөж, ядарсан зарим настай үйлчлүүлэгч ганцаараа ирдэг. Тийм хүмүүст голдуу үйлчилдэг.
Сүүлийн таван жилд 31 686 иргэн хавдраар өвдсөний 21 888 нь нас барсан гэх тоон мэдээлэл бий. ХСҮТ-ийн удирдлага “Монголд хавдрын шинэ эмнэлэг зайлшгүй барих хэрэгтэй. Жил тутам 6000 гаруй хүн хавдраар өвдөж, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Гэтэл барилгын доод суурины бохирын сувгууд зэвэнд идэгдээд, сууриар нь өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Өнгөрсөн жилээс цэвэр усны шугамыг Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар сайжруулж эхэлсэн.
Одоогийн байранд эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулах ямар ч боломжгүй. Олон талаар шаардлага хангахгүй болсон. 2024 онд “Хавдар-2” эмнэлгийн барилгын зураг төслийг нь боловсруулаад, баталчих байх гэдэгт найдаад хүлээж байна. Үүнийг дэмжихийг хүсэж байна” гэж мэдээлсэн. Нэгдүгээр давхарт нь өмнөх жилүүдээс ч олон үйлчлүүлэгчтэй, ачаалал өндөр байв. Бүх л хэсэгтээ дараалалтай, хүлээх нь хүлээж, хөтөч нар зарим өвчтөнд мэдээлэл, байршил зэргийг тайлбарлаж буй дүр зураг угтлаа. Үүдний харуул хамгаалалтын ажилтнууд нь ч мөн адил үйлчлүүлэгчдэд давхар хөтөч хийж байв. Нэгдүгээр давхрын баруун жигүүрт цайны газар, хувцасны өлгүүр, ариун цэврийн өрөө байрладаг. Эдгээрт бас эмчийн өрөөний үүдний хэсэг шиг дараалал үүсжээ. Хувцас өлгөх хэсэгт зогсоо чөлөөгүй ажиллаж буй эмэгтэйтэй түр ярилцах боломж гарсан юм. Тэрбээр “Энд би 07.30 цагаас эхэлж үйлчлүүлэгчдийн хувцсыг авдаг. Энд болон өргөтгөлдөө хувцас өлгөх хоёр хэсэгтэй. Багтаамж муутай болохоор заримд нь гурав, дөрвөөр нь давхарлан өлгөж байна. Өлгүүрийн хоорондох зай ойрхон болохоор хүндрэлтэй зүйл цөөнгүй гардаг. Энэ байдлаа хэлэхэд удирдлагууд бараг тоодоггүй. Бие засах ч завгүй л байна. 15.00 цагаас хойш үйлчлүүлэгч арай цөөрдөг болохоор цай уух боломж гардаг юм. Үүнийг сонсоод хүмүүс гайхах байх. Хажуу талын бие засах өрөө хаалгагүй учир өдөржин бохир үнэртэнэ. Энд надаас өөр хүн ажиллуулах гэхээр бараг зугтдаг. Би энд таван жил ажиллаж байгаа. Зээлтэй болохоор аргагүйн эрхэд энэ ажлыг хийдэг юм” гэв.
Тус эмнэлэгт анхлан болон давтан үзүүлэгчдээс гадна хагалгаанд орох хүний ар гэрээс дор хаяж 2-3 хүн дагалдаж ирдэг аж. Зарим нь бүр үүнээс ч олон хүн дагуулан ирдэг байна. Хоёр өлгүүр нийлээд 432 хүний хувцас багтаах хүчин чадалтай. Гэтэл нэг өлгүүрт л гэхэд өдөрт 900 орчим хүний хувцас “чихэх”-ээс өөр аргагүй байдаг гэнэ. Багталцахгүйгээс болж дээд, доод давхарт зарим хүн хувцсаа бариад сууж ч харагдсан.
Эмчид үзүүлэх болон компьютер томографи хийлгэх гэсэн иргэд дугаар авч, дарааллаа хүлээн цахим бүртгэл дээр сууж байв. Давтан үзүүлэгч мөн цаг авдаг аж. Ихэнх эмчийн үзлэгийн цаг сардаа багтаж дараалал олгох боломжтой байгааг цахим бүртгэлийн ажилтан хэлсэн. Харин толгой, хүзүүний тасаг болон хөхний төв хамгийн ачаалалтай нь аж. Үүний учрыг ажилтнаас нь лавлахад хөх болон бамбайд нь зангилаа үүссэн иргэд ХСҮТ-д ирдэг, өөр үзэх, эмчлэх газар байхгүй гэв. Толгой, хүзүүний эмчид анхлан үзүүлэхээр ирсэн иргэд ирэх оны нэгдүгээр сарын 30-нд үзүүлэхээр л цаг авах боломжтой байгааг цахим бүртгэлийн ажилтан хэлсэн. Үйлчлүүлэгч үүний дагуу харьяа дүүргийн эмчийн бичиг болон иргэний үнэмлэхээ үзүүлэн цаг авлаа. Бас утсаар цаг авсан иргэд ч ирдэг аж. ХСҮТ-ийн шуурхай мэдээллийн төвийн утас 72724000 дугаараар үзүүлэх цаг авдаг юм байна. Цагаа авсны дараа биеэр дахин очиж баталгаажуулах ёстой гэнэ. Энэ утасны дуудлага бүрт ганц л ажилтан хариулдаг болохоор бас л ачаалал өндөр юм билээ. Эрүүл мэндийн даатгал нэг сар дутуу төлсөн тохиолдолд л үйлчилгээ үзүүлэхгүй тул даатгалаа бүрэн төлөхийг анхааруулсан мэдээллийг цонхонд наажээ.
Тус эмнэлэгт зорьж үзүүлэхээр ирсэн орон нутгийн иргэд цаг авахад 2-3 сар хүлээх тохиолдол ч гардаг аж. Үүнээс харахад өвчтөнүүдийнолонхоношлогдсоноос хойш хугацаандаа эмчилгээндээ хамрагдаж чадахгүй байгаа гэхээр. Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас ирсэн Л.Чүлтэмжамц “Улсын эмнэлгийг харвал хэцүү л санагдаж байна. Ачаалал их юм. Эмч нарын зөвлөгөөнөөр орох гээд хүлээгээд зогсож л байна. Хотод ирээд жаахан зовуурь илрэхэд нь хувийн эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор сая гаруй төгрөг зарцуулаад байна. Эм, тариа авч, эмчилгээ хийлгэнэ гэвэл төлбөр нь “талийхаар” юм. Харин хувийн эмнэлгээр ороход угтаад, мэндлээд, харилцаа нь сайхан юм. Сэтгэл зүйд ч дэмтэй. Харин улсын эмнэлгийн ачаалал дийлдэхгүй юм. Улсаас зүрх, бөөр, элэг, ходоодны гээд төрөлжсөн эмнэлэг барьчихвал үнэхээр хэрэгтэй. Уг нь мөнгө байгаа боловч хэдэн нөхөд нь “идчихээд” байх юм. Хүн ардаа гэх сэтгэл алга. Эмч, мэргэжилтнүүдийнхээ тоог яагаад нэмэхгүй байгаа юм бэ. Энэ улсын нэн тэргүүний асуудал бол иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарах” гэж ярив.
Үйлчлүүлэгчдийн ихэнх нь сэтгэл санаа нь тавгүй, бухимдалтай байх аж. “Зүрхний бичлэг хийдэг хаалга хаана вэ”, “Туяа эмчилгээний эмч хэдэн давхарт байрладаг вэ” зэрэг иргэдийн асуултад улаан хүрэн өнгийн ажлын хүрмээр ижилссэн эмнэлгийн хөтөч нар уйгагүй хариулж байлаа. Тус эмнэлгийн хөтөч, сувилагч Я.Оюунцэцэг “Манайд гурван хөтөч иргэдэд үйлчилдэг. Монгол ганцхан хавдрын эмнэлэгтэй болохоор ачаалал их. Хэдэн жилийн өмнө өдөрт 200-300 хүнд үйлчилж байсан бол одоо 800-900 болж нэмэгдсэн. Өвдөж, ядарсан зарим настай үйлчлүүлэгч ганцаараа ирдэг. Тийм хүмүүст голдуу үйлчилдэг. Манайхаас мөн хүнд өвчтэй иргэдэд зориулж өөрсдийн тэргэнцрээр үйлчилж, тасгууд руу явуулдаг. Ер нь хаа сайгүй ажиллах хүч дутмаг байна. Кабинет бүр нэг эмчтэй. Ядаж хоёр эмчтэй болговол нөхцөл байдал арай дээрдэх юм шиг санагддаг. Цахим бүртгэл дээр 4-5 хүн ажилладаг. Эхний хоёр цонхонд компьютер болон дуранд үзүүлэх хүмүүсийн цагийг баталгаажуулна. Дурангийн хоёр тасагтай. Комьютер томографид өдөрт 40 хүн орох ёстой. Түүнээс хэтэрвэл цахим бүртгэлд хандаж дараа өдрийн цаг авна. Дараагийн цонхуудад эмчид үзүүлэх цаг олгодог” гэж ярилаа.
Нэгдүгээр давхрын хойд өргөтгөлд байрлах шинжилгээний кабинет хүн цөөтэй байв.
Өдөрт 200 гаруй хүн цусны дэлгэрэнгүй, хавдрын маркер, шээсний ерөнхий болон ариун чанарын шинжилгээ өгдөг. Даваагаас пүрэв гарагт 07.30-14.00, баасанд 07.30-13.00 цаг хүртэл авдаг юм байна. Шээсний ерөнхий шинжилгээг даваагаас пүрэв гарагт 07.30-11.00, баасанд 07.30-10.00 цаг хүртэл авдаг. Хариуг маргааш нь 09.00 цагаас хойш авдаг аж.
Тус эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих алба өнгөрсөн оноос эхэлж Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэй хамтран өвчтөнүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хөгжимт эмчилгээний хөтөлбөрийг нэвтрүүлжээ. Өргөтгөлийн байрны заалны голд хавдрын эсрэг хөгжимт эмчилгээний хөтөлбөрийг самбарт бичиж байрлуулсан байв. Үүнд дэлхийн сонгодог хөгжим, ардын аялгуу, уртын дуу, яруу найраг, зөвлөгөө зэргийг багтаасан гэнэ. Энэ тоглолтыг лхагва гараг бүр 11.00-12.00 цагт зохион байгуулна гэсэн зар ч тодхон харагдсан.
“Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг шийдвэр гаргагчдаас шаардаж байна” хэмээн бичсэн самбар байрлуулан, иргэдийн гарын үсгийг авч буй хоёр иргэн ХСҮТ-ийн байранд ширээ сандал байрлуулан суусан нь нүдэнд туслаа.Тэд хавдрын өвчнийг даван туулсан иргэд гэж өөрсдийгөө танилцуулсан. ШУТИС-ийн сайн дурын хоёр оюутан тэдэнтэй нэгдэн ажиллаж байв. Тэд өнгөрсөн сарын 27-нд энэ талаар үзэл бодлоо илэрхийлж, холбогдох албаныханд шаардлагаа хүргүүлсэн гэнэ. “Наран ижий заяа” ТББ -ын тэргүүн Ш.Ариунаа “Сүүлийн жилүүдэд манай улсын эмнэлэг хавдартай өвчтөнөө авч дийлэхгүй маш их ачаалалтай болсон. Гэтэл хавдрын шинэ эмнэлэг барих санхүүжилтийг ирэх оны төсвөөс хассаныг олж мэдээд бид байр сууриа илэрхийлж байгаа. Эхний удаад шинэ барилгыг бариулах хүсэлтэй 100 000 иргэнээс гарын үсэг зуруулах төлөвлөгөөтэй” гэв.