Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр төр, хувийн хэвшлийн хамтран зохион байгуулж буй “Invest Khentii” хөрөнгө оруулагчдын чуулганд оролцож, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээллийг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Чандганы талд байрлах Мэтагро компани үхэр болон гахай бордох чиглэлээр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм.
Мөн “Говь” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээж, гэрээ байгууллаа. Тус аж ахуй нэгж нь орон нутагт салбараа нээснээр 100 гаруй ажлын байр шинээр бий болгож байна.
Орон нутгийн иргэдийг цалинтай сургаж, чадавхжуулаад үндсэн ажилтан 2.3-2.8 сая төгрөгийн цалинтай байх ажээ. "Говь" ХК нь ноолуурын түүхий эд бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг 100 хувь эх орондоо гүйцэтгэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Жилд сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүн 1.6 сая, нэхмэл бүтээгдэхүүн 1.1 сая ширхгийг тус тус үйдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон компани юм.