Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны шинэ жарны босгон дээр ноён Жансамон Жаняаладыг БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайдын түвшинд Монгол Улсад албан ёсны айлчлал хэрэгжүүлж буйд баяртай байгаа” гэдгээ тэмдэглэв.
Хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бие биеэ дэмжсэн, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан ах дүүгийн харилцаатай орнууд юм. Монголчууд Лаос Улсыг “Сая зааны сайхан орон” гэдгээр мэддэг ба БНАЛАУ нь Зүүн өмнөд Ази дахь Монгол Улсын чухал түнш юм. Парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх зорилтын хүрээнд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд болон Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга өнгөрсөн жил Монгол Улсад айлчилж байсан. 2023 оны есдүгээр сард Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга манай улсад албан ёсны айлчлал хийсэн.
БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад “Хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага, тэр дундаа батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал болох”-ыг онцлов.
Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь БНАЛАУ, Монгол Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах юм. Тухайлбал, харилцан айлчлалын давтамжийн тоог нэмэгдүүлэх, цэргийн сонсогчийн солилцоо, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Монгол Улс, БНАЛАУ 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж, найрсаг харилцаатай, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн байна.