Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жил бүр Эмнэлэг, хөдөлмөр магадлалын комиссын хуралд биечлэн оролцож, “Би гар, хөлгүй, хөгжлийн ийм тийм бэрхшээлтэй нь үнэн болно” гэдгээ баталж байж группийн мөнгө авах эрх үүсдэг “тэнэг” журам манайд үйлчилдэг. Хүний нэгэнт алдсан гар, хөл, эд эрхтэн дахин ургахгүй, оюуны бэрхшээл засагдахгүй. Тэгвэл иргэдэд ингэж чирэгдэл учруулдаг байдлыг халахаар болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэйг нь баталсан эмчийн магадалгаа байгаа учир цаашид иргэд уг комиссын хуралд биечлэн оролцохгүйгээр группийн мөнгөө үргэлжлүүлэн авна гэсэн үг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт өнгөрсөн тавдугаар сараас процессын дахин инженерчлэл хийснээр иргэдийг бухимдуулж, хүнд суртал үүсгэдэг энэ мэт үйлчилгээ, журмыг халж, засаж буй аж. Төрийн албаны процeссын дахин инженерчлэл тандалт, судалгааг гурван бүсийн 14 аймагт явуулжээ. Улмаар ажлынхаа үр дүнг Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан юм байна. Манай улсад иргэн нэг үйлчилгээ авахын тулд төрийн 5-6 байгууллага дамжин, цаг алддаг. Гэтэл иргэн төвтэй төрийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг Канад улсад энэ харьцаа 1:1 байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг л байгууллагаар ороод хүссэн үйлчилгээгээ шуурхай, хүнд сурталгүй авдаг болгохоор Засгийн газар зорьж ажиллаж байгааг Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан дуулгасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нийт 211 процесс буюу үйлчилгээ байдаг, “11-11” төвд ирүүлсэн гомдлын 70 хувь нь маш хүнд сурталтайг хөндсөн байжээ. Нийгмийн даатгалын сан, түүнд харьяалагддаг таван сан арилжааны банканд 2650, төрийн санд 750 данстай байсан аж. Үүнийг арилжааны банк тус бүрд болон Төрийн санд нэг данстай болгон өөрчилсөн байна. Мөн тэтгэвэр тогтоолгоход оршин суух хаягийн тодорхойлолтоос эхлээд гараар өргөдөл бичих зэргээр цаасан материал бүрдүүлдэг, тус салбарын үйлчилгээний 70 хувьд энэ мэт баримт нэхдэгийг зогсоож, цахимжуулах нь. Энэ мэтээр шаардлагагүй олон шат дамжлага, хүнд суртлыг халж, нийт 53 төрлийн үйлчилгээг зөвхөн иргэний үнэмлэхээрээ авах боломж бүрдүүлэх юм байна. Мөн харьяалал харгалзахгүй үйлчилдэг болох аж. Уг шинэчлэл амжилттай хэрэгжвэл боловсрол, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх юм байна.