Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гараг бүр болдог. Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцууллаа. Мэдээллийн эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, өвлийн аялал жуулчлал, ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцсэнийг онцоллоо.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гадаад валютын мөнгөн урсгалын нэмэгдүүлэх зорилготой тогтоол 2022 оны аравдугаар сарын 26-нд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байв. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулснаар дахин зургаан сарын хугацаатайгаар тогтоолыг гаргасан байдаг.
Улмаар аравдугаар сарын 26-нд БЭТ-ийн ажиллах хугацаа дууслаа. Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийн ажилласан байдлын танилцуулгыг хийж, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ компанийн хувь нэмрийг үнэллээ. Цаашид компанийн удирдлага, бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэж, арваннэгдүгээр сарын 26-нд дахин Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийг /БЭТ/ дахин томилохоор боллоо. Ирэх сарын 26-н хүртэл дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна. Дахин хэлье, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, урагшлуулах, олон улсын түвшинд гаргахаар БЭТ-ийг дахин томилж байна" гэв.