Ходоодны салстын доорх хавдрыг анагаах дурангийн мэс заслын шинэ эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн нэвтрүүлжээ. Энэ нь ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг хэвлийн болон ходоодны дурангийн тусламжтайгаар тайрах мэс заслын арга юм байна. Уг мэс заслыг энэ онд бүрэн нэвтрүүлэх зорилтыг УНТЭ-ийнхэн тавьж, бэлтгэл ажлаа өнгөрсөн жилээс эхлүүлжээ.
Үүний үр дүнд өнгөрсөн сард анхны мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэнэ. Энэ нь нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, өвчтөнд хүндрэл багатай, ил шарх үлдээхгүй, зовуурь багатай эмчилгээ гэдгээрээ онцлогтой аж. УНТЭ-ийнхэн цаашид эл аргаараа бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай хүмүүст ч мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад, дурангийн тусламжтайгаар хийдэг уг мэс заслыг дэлхий дахинд анх 2008 онд нэвтрүүлжээ.
Бэлтгэсэн: М.Оч