УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна. ХХААХҮЯ, ОБЕГ, УЦУОМСМХ-ийн холбогдох албан тушаалтнууд ажлын хэсэгт багтаж, энэ сарын 03-ныг хүртэл Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад ажиллах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан бол өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана.
Засгийн газраас тогтоол гаргаж, өнөө жил Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэгдсэн.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц, аймгийн төвийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авах, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан билээ.