Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр тус улсад 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ажиллалаа. Мехико хотноо ажиллах үеэрээ тэрээр Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхимын дарга хатагтай Марсела Гуэрра Кастиёо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Виктор Вияалобос, Депутатуудын танхим дахь Мексик, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн дарга Чапман Морено болон бүлгийн гишүүд, Аялал жуулчлалын дэд сайд Умбэрто Эрнандэз Аддад, Гадаад харилцааны дэд сайд Кармен Морено Тоскано, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан Ерөнхий захирал Фернандо Гонзалез Сайфе, Нийтийн Боловсролын яамны Боловсролын бодлого, сайн туршлага, хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Хаймэ Сауседо нартай тус тус уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Мөн 2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиров. Түүнчлэн хоёр улсын яамд, холбогдох агентлагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийг холбож, бизнесийн цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлаар ярилцлаа.