Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлс, түүнээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
-Дотоод орчны агаарын бохирдол юунаас голчлон үүсдэг вэ?
-Гэр дотор байгаа бүх зүйлээс бохирдуулагч ялгардаг. Жишээлбэл, хоол хийх, гал түлэх, тамхи татах, стандартын шаардлага хангахгүй барилгын материал, хивс, буйдан зэргийн химийн бодисоос бохирдол ялгарч байдаг. Монгол Улсын хувьд гол бохирдуулагч хүчин зүйл нь гал түлэх, тамхи татах явдал. Орон сууцад амьдардаг айлуудын хувьд чанарын шаардлага хангадаггүй барилгын материалуудаас дотоод орчны агаарын бохирдол үүсэж болно. Иргэд гэртээ засвар хийхдээ будаг шингэлэгч хэрэглэдэг. Үүнээс дэгдэмхий органик нэгдэл болон бохирдуулагч бусад бодис ялгарч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Гадаадын улс орнуудад барилгын материалын чанарын шаардлагыг барилга, байгууламжийн зориулалтаас нь хамаараад тогтоосон байдаг. Гэтэл манай улсад ийм стандарт байхгүй.
-Гаднахаас илүү дотоод орчны бохирдол нь хүний биед сөргөөр нөлөөлдөг гэсэн байх аа?
-Дотоод орчны бохирдлын бас нэг эх үүсвэр нь гадаад орчны агаарын бохирдол байдаг. Гадаад орчны бохирдол өвлийн улиралд ихэсдэг. Дэлхий нийтэд хийсэн судалгаануудаас үзэхэд дотоод орчны бохирдол нь гаднахаас тав дахин их байдаг. Бохирдуулагч хүчин зүйл их байх тусам бохирдол өндөр гардаг гэсэн үг. Дотоод орчинд агаар сэлгэхгүй байгаа тохиолдолд бохирдуулагчид нь дулаан температурт тогтмол хуримтлагддаг. Агаар сэлгэснээр хуримтлагдах нь багасдаг.
-Үүнээс хэрхэн сэргийлэх вэ. Хамгаалах арга бий юү?
-Сургууль, цэцэрлэгт дотоод орчны агаарын бохирдол нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс өвлийн улиралд дөрөв дахин их байгааг судалгаагаар тогтоосон. Агааржуулалтын систем нь ажилладаггүй, дулаан алдалт их, авто замын ойролцоо байрласан, хэсгийн халаалтын системтэй зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлдөг. Агаар бохирдуулагч бодисыг гэртээ алдахаас сэргийлж зуух, яндангийн битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй.
-Дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалахдаа агаар цэвэршүүлэгч ашиглах нь түгээмэл болжээ. Энэ нь хэр үр дүнтэй арга вэ?
-НЭМҮТ-өөс нарийн ширхэгт тоосонцрын шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн дотоод орчны агаарын бохирдлын судалгаа хийж байсан. Агаар цэвэршүүлэгчтэй болсноор дотоод орчны бохирдол 29 хувиар буурсныг уг судалгаагаар тогтоож байв. Мөн АШУҮИС-ийнхан агаар цэвэршүүлэгч, агаар цэвэршүүлэгчгүй тус бүр 500 айлд жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн судалгаа хийсэн. Агаар цэвэршүүлэгч ашигладаг айлын хүүхдүүдийн биеийн жин, өсөлт нь агаар цэвэршүүлэгчгүй айлын хүүхдүүдийнхээс илүү байсан. НЭМҮТ-ийн судалгаануудаас үзэхэд манайд дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц түвшинд байна. Тиймээс дотоод орчны агаарын чанарыг үнэлэх үндэсний стандарттай болох зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Жишээ нь, гэртээ гал түлдэг айлуудад хийсэн судалгаагаар дотоод орчинд хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр гарсан. Тус байгууллагын гаргасан зөвлөмж хэмжээ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх дээд утгыг илэрхийлдэг. Гэтэл манайд өвлийн улиралд дотоод орчны бохирдол ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс нь гурав дахин ихэсдэг.
-Орон нутгийн айлуудад дотоод орчны агаарын бохирдол бий болов уу?
-Сум, аймгийн төвүүдэд агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. 2022 онд Баянхонгор, Говь-Алтайн 200 гаруй айлд өвлийн хоёр сарын хугацаанд хийсэн хэмжилтээр PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр гарч байв.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн