АН-ын бүлгийнхэн Баялгийн сангийн тухай хуулийн төсөл, төрийн шууд худалдан авалт, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох зэрэг сэдвийн хүрээнд ярилцжээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаар түр хороо байгуулах ажил маань зогсонги байдалд орчихлоо. Гэхдээ МАН-ын гишүүдтэй ярилцаж, гарын үсэг зурахад уриалж байгаа. 2017 онд 150 тэрбум, 2020 оноос нэг их наяд 50 тэрбум, 2021 онд хоёр их наяд хоёр тэрбум, 2022 онд хоёр их наяд 567 тэрбум төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн гэдэг албан ёсны тоон мэдээлэл авлаа. Өөрөөр хэлбэл, 2017-2022 онд 6.1 их наяд төгрөгийг шууд худалдан авалтад зарцуулсан байна. Үүнд төрийн нууцад оруулсан оффтэйк гэрээ, ногоон автобусны үнийн дүн ороогүй. Ер нь цар тахлаар далимдуулан шууд худалдан авалт ихээр хийсэн байна. Гэхдээ төрийн болон албаны нууцад оруулсан мэдээллүүдийг ирүүлээгүй” хэмээсэн юм. Тэрбээр дээрх тоон мэдээллийг Ерөнхий сайдад тавьсан асуултаараа авсныг онцлов.
Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Хувь, хэмжээг нь багасгаж байж иргэд татвараа бүрэн төлнө, далд орлого ил болно. Г.Занданшатар даргын санаачилгаар, 100 мянган хүний гарын үсэгт тулгуурлан боловсруулах гэж байгаа төслийг миний өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй” гэв. Тэрбээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн бариад буй. Түүнчлэн гишүүн Ц.Туваан орон нутгийн иргэдээс түлш тасарсан гэх мэдээлэл ирүүлж байгааг дурдаад, үүнд Засгийн газар анхаарал хандуулахыг шаардлаа. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж буйг дуулгав.