УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус төслийн талаар гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэл хийсэн байна. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 30-наас өмнө батлах үүрэгтэй. Эл хуулиар эмэгтэйчүүдийн квот, зардлыг бууруулахтай холбоотой зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий. Иймд эл төслийн талаар бусад намынхантай зөвшилцөж байж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн” гэв. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Орон нутгийн 2020 оны ээлжит болон нөхөн сонгуулийн үеийн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн байдлын талаарх дүгнэлт бий. Үүнд тулгуурлан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд гурван чиглэлээр нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн.
Нэгдүгээрт, орон нутгийн сонгууль нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байх ёстой. Сүүлийн сонгуулиар улсын хэмжээнд санал авах 2148 байр буюу хэсгийн хороо ажилласан. Эдгээрийг бүрэн камержуулж, автоматжуулсан систем нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр нам, нэр дэвшигч, ТББ, олон улсын байгууллагуудаас хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байлгах хэд хэдэн заалтыг нэмж тусгасан. Энэ нь нэр дэвшигчдийг мөнгөний нөлөөллөөс аль болох ангид байлгахад чиглэж буй. 2020 оны сонгуулиар 7165 мандатын төлөө 20 гаруй мянган нэр дэвшигч өрсөлдсөн. Одоогийн хуулиар нэг хэсгийн хороонд нэг нэр дэвшигч арав хүртэл самбар байрлуулах боломжтой. Хамгийн багаар бодоход 70-80 мянган сурталчилгааны самбарыг улсын хэмжээнд байршуулж ашигладаг гэсэн үг. Хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулснаар сурталчилгааны самбарын тоог 93 хувиар бууруулахаар тооцсон. Ингэснээр зардлыг бууруулна. Гуравдугаарт, анхан шатанд улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын хоорондох уялдаа холбоог хангах ёстой” гэв.
Мөн Улаанбаатарын авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор төлбөртэй бүс тогтоохоор хуулийн төсөл боловсруулж буй тухайд тэрбээр олонхын бүлгийн дарга “Татвар, төлбөртэй бүс тогтоох, эсэх талаар нэлээд сайн ярилцах ёстой. Хуулийн төслийг өргөн барьсны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.