Эрүүл мэндийн төрөлжсөн 10 төв байгуулах санаачилгыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргажээ. Эдгээрийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалтаар ажиллуулахаар төлөвлөсөн аж. Одоогоор үүнийг судалж, санал боловсруулах, холбогдох албаныханд танилцуулах ажлын хэсэг байгуулаад буй гэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж, үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлэх эрүүл мэндийн 10 төв байгуулах санал боловсруулж байна. Тухайлбал, гэмтэл, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн төв эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт байгуулахаар төлөвлөж байгаа. Харвалт, шигдээсний төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэйд, хөнгөвчлөхийг нь Хан-Уул, Сүхбаатарт, хордлого, яаралтай тусламжийнхыг Баянголд байгуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн гемодиализын төвийг Хан-Уул дүүрэгт байгуулах санал боловсруулсан. Үүний хүрээнд зарим дүүрэгт ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн” хэмээлээ.
Бэлтгэсэн: Ч.Зул