УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан 2022 оны мэдээнд дурдсанаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх нийт 39 691 шүүх хуралдаан зарласнаас 54.4 хувь нь хойшилжээ. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж байгаа дундаж хугацаа 30-120 хоног, заримыг нь 1-3 жилийн хугацаанд хянан эцэслэсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэсэн нийт 34 083 хэрэг, маргааны 24 хувь нь 11 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй байжээ. Эдгээрийг шийдвэрлэсэн дундаж хугацаа 109 хоног бөгөөд бага үнийн дүнтэй нийт хэргийн 3.6 хувь нь давж заалдах журмаар гомдол гаргасан аж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ийн удааширч байгаагийн нэг шалтгаан нь бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд хянан эцэслэхэд тохирсон ажиллагаа, эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой гэж үзэж, Засгийн газраас дээрх төслийг боловсруулсан байна.
Тус төслийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүний илэрхийлсэн байр суурь, тавьсан асуултад нь холбогдох хүмүүс ямар хариулт өгснийг тоймлон хүргэж байна.
С.Одонтуяа (УИХ-ын гишүүн): -Гэр бүл салсны улмаас хүүхдэд олгох тэтгэмжтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах уу. Ер нь хүүхдийн тэтгэмж бага үнийн дүнтэй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан төдийлөн анхаарал хандуулдаггүй. Дөрвөн жилийн өмнөх статистикаас харвал хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн биелэлт 30 хувьтай байсан нь өдгөө бага зэрэг өссөн. Гэхдээ л гэр бүл салсны маргаашаас л хүүхдийн эрх зөрчигдсөн хэвээрээ байна.
Б.Энхбаяр (Хуульзүй, дотоодхэргийн сайд): -Уг хуулийн төсөлд бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбар, шуурхай, үр дүнтэй байлгах зохицуулалтуудыг тусгасан. Үүнд зургаан төрлийн нэхэмжлэлийг хамааруулахаар заасны дотор гэр бүлийн маргаантай холбоотой нэмэлт, өөрчлөлт байхгүй. Эл харилцааг тусад нь буюу ердийн журмаар шийдвэрлэх хэрэг, маргаанд багтаасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой харилцааг уг хуулиар зохицуулахгүй. Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой заалтуудыг Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тусгасан. Төслийг нь ирэх (энэ) долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүүхдийн тэтгэмж төлөлт 60 хувьтай байгаа юм билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмж төлөөгүй этгээдийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээг нэмэгдүүлснээр ингэж өссөн.
Ц.Мөнх-Оргил (УИХ-ын гишүүн): -Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчилж, сайжруулах арга хэмжээ дууссан гэж үзэж болох уу. Бага үнийн дүнтэй хэрэг, маргааныг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах юм уу. Ер нь ингэж хялбаршуулсан журмаар шийддэг шүүхтэй байх нь зөв юм биш үү. Гэхдээ үүнийг хялбар ажиллагааны шүүх гэх зэргээр нэрлэх нь зохимжгүй санагдаж байна. Энэ шүүхээр үнийн дүн багатай хэрэг, маргааныг л шийдвэрлэх гээд байгаа шүү дээ. Харин 11 сая төгрөгийг бага үнийн дүн гэж үзэж байгаа нь манай нөхцөлд арай өндөр биш үү. Шүүхийн нийт хэрэг, маргааны хэдэн хувь нь энэ мөнгөн дүнгээс доош байгаа юм бэ. Удахгүй өргөн барих гэж буй Шүүх байгуулах тухай хуульд дагнасан шүүхтэй байх зохицуулалтыг хэр тусгасан бэ?
Д.Мөнх-Эрдэнэ (Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх): -Үнийн дүнгийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр тусгасан нь одоогоор 11 сая төгрөгтэй дүйж байгаа юм. Ер манайд мөнгөн хөрөнгийн нэхэмжлэлтэй хэрэг, маргаан өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 13 хувьтай байна. Манайхтай ижил гараанаас гарсан Литва, Латви, Унгар зэрэг улсад бас иймэрхүү хэмжээтэй байгаа юм. 11 сая төгрөгийн үнийн дүнтэй нийт хэрэг, маргааны 70 орчим хувийг нь шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Харин давж заалдах шатанд 6.3, хяналтын шатанд 1.2 хувь нь хандсан статистик байгаа учраас мөнгөн дүнг нь ингэж тогтоосон юм.
Н.Баасанжав (Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн): -Гэр бүлийн болон хялбар ажиллагааны шүүхийг дагнасан байдлаар нийслэлд байгуулахаар Шүүх байгуулах тухай хуульд тусгасан. Эдгээр шүүх нь орон нутагт танхимын хэлбэрээр ажиллана. Мөн хөдөлмөрийн болон татварын шүүхийг дагнаж байгуулахаар тусгаагүй ч тухайн хэрэг, маргааны онцлогоос шалтгаалан энэ төрлийн танхим ажиллуулж болохоор төслөө боловсруулсан. Тухайлбал, орон нутагт малын хулгай их гардаг учраас тусгайлсан танхим байгуулах боломжтой. Хялбар ажиллагааны шүүхийн хувьд богино хугацаанд, технологийн дэвшилд тулгуурлан цахим хавтаст хэрэг, мэдүүлэг, нотлох баримт, гарын үсэг хэрэглэн хэрэг, маргааныг шийдвэрлэн ажиллахаар байна.
Ж.Сүхбаатар (УИХ-ын гишүүн): -Ажилгүй байсан үеийнхээ цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговор авах, СӨХ-ны төлбөр төлөх гэх мэт өдөр тутамд иргэдийг чирэгдүүлдэг хэрэг, маргааныг богино хугацаанд шийдвэрлэдэг болох нь. Нийслэлийн хэмжээнд хэргийг дунджаар 109, ачаалал багатай газруудад 37-75 хоногт шийдвэрлэж буй юм байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг баталснаар дээрх хугацаа хэрхэн багасах вэ. Бас зардал хэдий хэмжээгээр буурах вэ?
Н.Баярмаа (Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч): -Бага үнийн дүнтэй нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах буюу мэдэгдэх хуудас хүргүүлэх, шүүх хуралдааны тов тогтоох зэрэг үйл явц хялбар болно. Аль болох хугацаа алдахгүй байхыг хичээж буй ч хаяг, бүртгэл муу байгаа нь бэрхшээл дагуулж мэднэ. Ер нь иргэний хэрэг шийдвэрлэх үйл явцыг удаадаг хоёр гол хүчин зүйлийн нэг нь хаяг, бүртгэлтэй холбоотой. Гэхдээ энэ хуулийг баталснаар хэрэг шийдвэрлэх хугацаа хоёр дахин багасах болов уу гэж найдаж байна. Харин мэтгэлцээний зарчим аман биш, цаасан хэлбэрээр байх хүчтэй зохицуулалтууд оруулсан учраас шүүх хуралдааныг олон удаа хойшлуулдаг явдлыг хязгаарлана гэж үзсэн.
Ж.Батсуурь (УИХ-ын гишүүн): -Энэ төслийг дэмжиж байгаа ч хялбаршуулна гээд авлигын хэрэг шиг туйлшруулчих вий. Жишээ нь, өндөр дүнтэй авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ 40 сая төгрөг төлүүлээд цайрчихсан тохиолдол бий. Нөгөө талаас орон нутагт цахим технологийн хөгжил, дэд бүтэц муу байгааг харгалзах хэрэгтэй. Нэмэлт, өөрчлөлтийг баталснаар орон тоо нэмэгдэхгүй гэж байгаа ч зөвлөн туслах үүрэгтэй хүмүүсийг шүүхүүдэд ажиллуулах шаардлагатай.
Г.Тэмүүлэн (УИХ-ын гишүүн): -Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргах, анхны шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулах эрхийг хаахаар тус төсөлд тусгасан. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчим болсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчихгүй юү. Их, бага үнийн дүнгээс хамааран хэрэг л бол хэрэг шүү дээ. Нөгөө талаас шүүхийн ачааллыг бууруулах ёстой, шүүгч нар хүнд нөхцөлд ажилладгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, хэрэг, маргааныг цахим нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх дэд бүтэц нь шүүхүүдэд бүрдсэн юм уу. Барилга байгууламж, тоног төхөөрөмж гээд бүхэлдээ маш хэцүү нөхцөлд ажиллаж байгаа нь нууц биш шүү дээ. Бараг 15 жилийн өмнөх “Пентиум-3” компьютерыг одоо ашигладаг юм билээ.
Б.Энхбаяр: -Үндсэн хуулийн зөрчил үүсгэх вий гэсэн таны болгоомжлолыг хэлэлцүүлгийн явцад анхаарна. Цэцийн хоёр ч дүгнэлт бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ийм тусгай журам оруулж, зарим эрхийг нь хязгаарласан заалтыг Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байдаг. Мөн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэлгүй, тусгай журмаар зохицуулах заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тохиолдол байдаг. Ер нь иргэн шударга шүүхээр шүүлгэх эрх гэдгийг юу гэж ойлгох вэ. Гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж байж шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэллээ гэж үзнэ гэх үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан удаатай. Уг нь 1937 оных шиг хуулиар байгуулаагүй, “Бүрэн эрхт комисс” гэх зүйлээр шүүн таслах үйл ажиллагаа явуулж, олон мянган иргэнээ хэлмэгдүүлсэн гашуун түүхийг давтахгүйн тулд зөвхөн УИХ-аас байгуулсан, хууль ёсны шүүхээр шүүгдэх эрхийг дээрх ойлголтод хамааруулна хэмээн Б.Чимид багш тайлбарласан байдаг. Шударга ба шударга бус шүүх гэсэн хууль зүйн ойлголт байхгүй.
Н.Баярмаа: -Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргах, анхны шаардлагаа өөрчлөх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулахгүй гэдэг нь эдгээрийг огт хийхгүй гэсэн үг бас биш. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхгүй гэвэл ердийн журмыг сонгох эрх нь нээлттэй. Хэрэг, маргааныг ердийн журмаар шийдвэрлүүлэх хоёр үндэслэл бий. Тодруулбал, магадгүй цахим болон цаасан баримтад суурилан мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэх нь үр дүнтэй биш гэж үзвэл шүүх тухайн хэрэг, маргааныг ердийн журам руу шилжүүлж болно. Ер нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан дуусгах сонирхол нэгтэй байх тохиолдол нэлээд элбэг байдаг.
Н.Баасанжав: -Энэ хуулийг өнөөдөр батлаад маргааш нь цахим нотлох баримтад үндэслэн хэрэг, маргааныг шийдвэрлэнэ гэвэл шүүхүүдийн нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй. Техник, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэе гэхээр санхүү, төсөв нь хүрэлцдэггүй. Ирэх оны улсын төсвийн төсөлд үүнтэй холбоотой зардлыг хасаж тусгасан. УИХ энэ хуулийг “амилуулах” нөхцөл, боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна.
Х.Ганхуяг (УИХ-ын гишүүн): -Бага дүнтэй хэрэг, маргааныг шийдвэрлүүлэх явцад хохирлоосоо давсан зардал гаргах нь элбэг. Тиймээс ч хөөцөлдөхгүй, орхих тохиолдол олон. Нөгөө талаас олон хохирогчтой хэргийг шүүхэд хуралдааны танхим нь ч шаардлага хангадаггүй. Шүүхийг цахимжуулах төсөв, хөрөнгийг нь шийдвэрлэх ёстой. Цар тахлын үеэр олон улс орон шүүхээ цахимжуулсан байхад манайх бахь байдгаараа. Гэтэл цахимжуулах үйл ажиллагаанд нийтдээ нэг их наяд орчим төгрөг зарцуулчихаад байна. Яам, агентлагууд тус тусдаа үүнд төсөв тавьж ирсэн ч зарим нь өөр хоорондоо холбогдоогүй байх жишээтэй. Эрүүл мэндийн яамнаас гэхэд “Цахим эрүүл мэнд” төсөлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч одоо болтол хэрэгжээгүй.
Б.Энхбаяр: -Шүүхийг цахимжуулахад Засгийн газар онцгой анхаарч байна. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн 10 жилд шүүхэд хөрөнгө оруулах мөнгө төсөвлөөгүй. Монгол Улсад хамгийн хоцрогдсон компьютерыг шүүхэд л хэрэглэж байна. Нурж унах шахсан байшинд шүүх ажиллаж байна. Жижиг өрөөнд гурван шүүгч зэрэгцэж суугаад ажилладаг. Нэг шүүгчийнх нь хариуцаж байгаа хэргийн оролцогч өрөөнд нь орж ирэхэд нөгөө хоёр шүүгч тэдний яриаг сонсоод сууж буй. Ийм нөхцөлд тэдэнд хараат бусаар ажиллах шаардлага тэдэнд тавих нь хэцүү. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэхэд ус тасраад хэд хонож байна. Шүүхийн хэмжээнд цахим дэд бүтэц бий болгоход зориулж 10 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт анх удаа тусгасан. Зөвхөн компьютерыг нь шинэчлээд шүүх цахим болчихгүй. Хамгаалагдсан программ, хангамжтай болгохын тулд Дээд шүүх БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Л.Мөнхбаатар (УИХ-ын гишүүн): -Тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэг шүүх хуралдаан явуулна гэснийг тодруулна уу. Нэг удаа хуралдаад л шийдчихнэ гэсэн үг үү. Эсвэл давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй гэсэн үг үү. Хоёрдугаарт, анхнаасаа тусгайлсан журмаар хэргээ шийдвэрлүүлнэ гэчхээд гэнэт хүсэлт гаргаад ердийн журмаар явуулна гэвэл уг хуулийн мөн чанар нь алдагдах юм биш үү. Бага үнийн дүн гэдгийг 11 сая төгрөгөөр тогтоосон нь хангалтгүй санагдаж байна.
Н.Баярмаа: -Одоогийн хуулийн зарчим нь ч хэрэг, маргааныг нэг л шүүх хуралдаанаар шийдвэрлэх зарчимтай. Хүндэтгэн үзэх шалтгаантай л бол нэг удаа хойшлуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, ердийн журмаар шийдвэрлэж байгаа үед олон удаа хойшлуулах боломжгүй гэсэн үг. Харин манайд бодит байдал нь эсрэгээрээ буюу шүүх хуралдаан хойшлох нь энгийн үзэгдэл болчихсон. Иймд хялбар ажиллагааны шүүхийн үед ч энэ зарчмаа хадгалахгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Хоёрдугаарт, ийм журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэхэд давж заалдах зарчим үйлчилнэ. Энэ бол Үндсэн хуулиар олгосон эрх. Хүсэлт гаргаад ердийн журмаар шийдвэрлүүлэхээр зохицуулсан нь тухайн үүссэн харилцаанд уян хатан байдал бий болгох зорилготой.
Ц.Сандаг-Очир (УИХ-ын гишүүн): -Мөнгөн дүнг нь яагаад интервалтай тогтоогоогүй вэ. Жишээ нь, хэрэг нь хөнгөн боловч хохирлын хэмжээ нь 12 сая төгрөг болчихвол шийдүүлэх боломжгүй юу?
Д.Мөнх-Эрдэнэ: -Бусад улс оронд хохирлын мөнгөн дүнг хатуу заасан байдаг. Бидний хувьд инфляцын хэлбэлзэл болон өөр хүчин зүйлсийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уях нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор 11 сая төгрөг байгаа ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхөөс хамааран “хөдлөх” боломжтой гэв.