Улсын хоёрдугаар төв эмнэлгийн “Харвалтын нэгж” нь зүүн бүсийн аймгийн хүн ам буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдэд энэ төрлийн лавлагаа шатлалын тусламжийг үзүүлдэг юм байна. “Харвалтын нэгж”-ийг байгуулснаар энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрджээ. Мөн харвалтын шалтгааныг тогтоох шинжилгээ буюу ангиографийн тусламж, шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус нэгжээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна. Тиймээс хөдөлмөрийн насныхан тэр дундаа залуучууд тархины харвалтаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлага үүсжээ.
Гэнэт толгой хүчтэй өвдөх, нүдэнд эд юмс давхарлаж харагдах, ярьж байхад үе ам, нүүр мурийх, үе мөчний хөдөлгөөн муудах, хэл яриа тултирах буюу ойлгомжгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин нь тархины цус харвах өвчний томоохон шалтгааны нэг болсон тул цусан дахь сахарын хэмжээг хянах шаардлагатай.