Тайландын Хаант Улсын Пукет, Пханг-Нга мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар албан ёсоор үүд хаалгаа нээжээ. Монгол-Тайланд улсууд 1974 оны гуравдугаар сарын 5-нд анх дипломат харилцаа тогтоож, Монгол Улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны хоёрдугаар сард нээж байжээ. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Тайландын Хаант Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Артают Срисамут 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тайландын талаас ГХЯ-ны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруан нар хуралдааныг даргалав.
Монгол Улс Тайландад молибдений хүдэр, жонш, тээврийн хэрэгслийн зарим эд анги экспортолж, Тайландаас элсэн чихэр, цагаан будаа, цаас болон картон, хөнгөн тэрэг, ачааны тэрэг зэргийг импортолдог байна. Монголын “Хүннү Эйр” компани 2013-2014 онд Улаанбаатар-Банкок-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 1-2 удаа шууд нислэг хийж байсан бөгөөд Тайландын дотоод байдал, зорчигчдын тоо хангалтгүй байсан зэргээс шалтгаалан 2014 оны зургадугаар сараас шууд нислэгээ зогсоосон. Өвлийн улиралд МИАТ компани чартерийн шууд нислэг хийж байгаа юм.