Монгол Улс, Беларусь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Улмаар талууд 2003 онд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ. Дээрх хугацаанд 1067 автомашин нэвтэрсэн тээвэрлэлт хийсэн байна. Хоёр улсын тээврийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд 2015 онд Улаанбаатар хотод 20 ширхэг МАЗ маркийн их багтаамжийн угсраа автобус нийлүүлсэн нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм. Мөн өнгөрсөн хугацаанд Беларусь улсаас авто замын засвар, арчлалтын 42 ширхэг техник хэрэгсэл нийлүүлээд байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александрович нар ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа. Ажлын хэсгийн уулзалтаар хоёр улсын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, зөвшөөрлийн бичгийн ашиглалт, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны есдүгээр сарын 20-нд Беларусь улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Алейник Сергей Фёдоровичтай уулзаж, хоёр улсын дэд бүтцийн хамтын ажиллагаа, ачаа тээвэр, транзит тээврийн зөвшөөрлийг нэмэгдүүлэх, замын салбарт шаардлагатай техник хэрэгслээр туслах, дан ганц тээврийн салбарт бус боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.