Ерөнхий сайд аа, Засгийн газрын тусгай сангуудын нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-г татан буулгая. Эл санг байгуулсан цагаас иргэдийн эрүүл мэндийг дэмжих бус, төсөл нэрийн дор төсвийн мөнгийг дэмий үрж иржээ. Үүний нотолгоог харъя гэвэл гуравдугаар шатлалын, дүүргийн эмнэлгүүдээр шагайгаад үзэхийг хүсэж байна. Монголчууд бид бултаараа өвчинд идэгджээ. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулсан энэ сангийн хөрөнгийг хэрэв гол зорилго руу нь чиглүүлж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих талаар дорвитой арга хэмжээ авч чадсан бол иргэдийн өвчлөл одоогийнх шиг хэмжээнд хүрэхгүй байв. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг цаашид дахиад ЭМДС-гаар дамжуулан урсгаж, ЭМЯ болон харьяа байгууллагуудынх нь “саалийн үнээ” болгомооргүй байна.
хяналтгүй, үр дүнгүй, бас ил тод бус ЭМДС руу төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь цутгах ёсгүй. Тэгээд ч уг сан нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна.
34 тэрбум 358 сая төгрөгөөр юу хийсэн бэ
2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ЭМДС-гаас 771 байгууллага санхүүжилт авч, 34 тэрбум 358 сая төгрөгийг салхинд хийсгэжээ. Мэдээж санхүүжилт авсан байгууллага бичсэн төслийнхөө хүрээнд хийсэн ажлаа тайлагнана. Гэвч ажлынх нь үр дүн бодит байдалд үнэхээр гарсан, эсэхийг шалгадаг зохицуулалт байхгүй. Тодруулбал, санхүүжилт авсан байгууллагын ажлын үр дүнг цаасан дээрх тоо баримтаар л дүгнээд, бүгдэд нь “онц” тавьчихдаг жишиг тогтжээ гэхэд буруудахгүй нь. Үүний учрыг лавлахад “Санамсаргүй түүврийн аргаар явцын хяналтуудаа хийж, санхүүгийн болон гүйцэтгэлийн тайлангаар нь үр дүнг нь тооцдог” гэх тайлбарыг албаныхан хэлж байгаа юм. Нөгөө талаас сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилт, үйл явц, үр дүнг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлдэггүй.
Гэтэл сангийн гол үйл ажиллагаа нь нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах. Энэ утгаараа тухайн төсөл, хөтөлбөр үнэхээр иргэдэд хүрсэн, эсэхийг тэднээс тодруулж, шалгаж, нийгэмд хэрхэн нөлөөлж буйг нь судлах учиртай баймаар. Тухайлбал, shilen.gov.mn цахим хуудсанд ЭМДС-гаас 2008 оноос хойш санхүүжилт авсан 1286 төслийн нэр, мөнгөн дүнг байршуулсан байдаг. Бас тэдгээрийг бүгдийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Өмнө дурдсанчлан сангийн ажлын хэсгийнхэн нэгбүрчлэн шалгаагүй хэрнээ ийнхүү амжилттай гээд үнэлчихдэг нь ч хачирхалтай. Тэгэхээр хөрөнгийн зарцуулалт цаасан дээрх тайлангаар л дүгнэгддэг, танил талтай, холбоо сүлбээтэй нэгэн нь л төсөл, хөтөлбөрт шалгардаг уу хэмээн хардахаас аргагүй байна.
Шилэн болгож чадсангүй
Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг баталсан байдаг. Уг журмын 3.4-т “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах ажлын хэсгийг хоёроос доошгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо болон холбогдох салбар зөвлөлийн төлөөллөөс оролцуулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна” (2021 оны 323 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан) гэж заасан. Мөн 3.5-д нь “Энэ журмын 3.4-т заасан ажлын хэсэг нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нийт төслийг хүсэлтийн хамт хүлээн авч дууссан хугацаанаас хойш ажлын 30 хоногт багтаан сонгон шалгаруулна” хэмээн заажээ. Тэгвэл эл ажлын хэсэгт нь хэн хэн багтдаг, тэд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй. Түүнчлэн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний сонгон шалгаруулалтын талаар 14-өөс доошгүй хоногийн өмнө болон сонгон шалгаруулах үйл явц, шалгарсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ гэсэн журмаа ч тэд хэрэгжүүлдэггүй.
Тусгай сангуудтай холбоотой дуулиан улс даяар дэгдэхэд холбогдох байгууллагынхны зүгээс тэдгээрийн мэдээлэл, үйл ажиллагааг нээлттэй болгоно хэмээн амласан. Гэтэл ЭМДС-гийн мэдээлэл өдий хүртэл хаалттай хэвээр байгааг татан буулгах нэг үндэслэл гэж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байгууллага ЭМДС-гийн сонгон шалгаруулалтад ороход сангийн ажлын хэсгээс хариу мэдээлэл өгдөггүй. Сонгон шалгаруулалт дуусах хугацаа хэдийн өнгөрчхөөд байхад яасан нь мэдэгдэхгүй таг чиг болдог гэнэ. ЭМДС-гийн сонгон шалгаруулалтад төслөө өгчхөөд удаа дараа хоосон хоцорч байсан хэд хэдэн эх сурвалж бидэнд хэлсэн юм. Тодруулбал, төсөл нь яагаад шаардлага хангаагүй вэ, ямар шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй зэргийг мэдээлдэггүй, эргэх холбоо байхгүй. Түүнчлэн тэдний оронд яг аль байгууллага ямар шалгуураар санхүүжилт аваад байгаа нь ч тодорхой бус. Ил тод байдал гэдэг зүйл ЭМДС-д байдаггүй гэсэн үг. Тэгэхээр тусгай сангуудаа шилэн болгох гэсэн Засгийн газрын зорилт энэ тохиолдолд төдийлөн хэрэгжихгүй, shilen.gov.mn цахим хуудсандаа хэдэн байгууллага, санхүүжилтийн дүн тавихаас хэтрэхгүй байна. Угтаа тэр жагсаалтын цаана ямар ямар үйл явц өрнөж, юу болоод байгааг олон нийт бүрэн дүүрэн мэдэж байх учиртай. Тэр цагт тусгай сан жинхэнэ утгаараа шилэн болно.
Төсвийг нэмнэ гэв үү
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Түүний өргөн барьсан төсөлд ЭМДС-гийн төсвийг нэмэгдүүлэх, бас үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр тусгажээ. Засгийн газрын бусад тусгай сантай харьцуулахад ЭМДС-гийн төсөв харьцангуй бага. Тэгвэл салбарын сайд С.Чинзориг энэ байдлыг өөрчилж, илүү их хөрөнгийг ЭМДС-гийн нэрээр үрэх эрх зүйн орчныг бүрдүүлж болзошгүй нь. Тэрбээр хуулийн төслийн талаар “ЭМДС-гаас олгож байгаа санхүүжилтийг цаашид дан ганц нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт, сурталчилгаа, тандалт судалгаанд зарцуулах бус, ДЭМБ-аас дэвшүүлсэн “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх” зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглах шаардлага байна. Үүний тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, багийг сургах, чадавхжуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг ЭМДС-гаас олгодог байх нь зөв гэж үзсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр дотоодод эмчилж чаддаггүй өвчний тоо эрс буурна гэж үзэж байгаа юм. Мөн Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаадад эмчлүүлээд ирсэн иргэдийн эмчилгээний зардалд ЭМДС-гаас дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмжийг ЭМДС-гаас олгох зохицуулалтыг орууллаа. ЭМДС-д олгож буй мөнгө нь хуульд заасны дагуу авбал зохих санхүүжилтийн дөнгөж 30 хувьтай тэнцэж байгаа. Хуульд заасны дагуу архи, тамхины онцгой албан татвар болон эмийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас олсон орлогыг бүрэн төвлөрүүлж чадвал жилд 11-12 орчим тэрбум төгрөгийг дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой” хэмээн мэдээлсэн юм.
ЭМДС-гийн хөрөнгө нь хандив, тусламж, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрддэг. Эдгээрийг санд бүрэн дүүрэн төвлөрүүлээд, яг одоогийнх шигээ дураараа үрж, танил талдаа л зориулдаг байдлыг улам хавтгайруулах уу, С.Чинзориг сайд аа. Өмнө дурдсанаар ямар ч хяналтгүй, үр дүнгүй, бас ил тод бус ЭМДС руу төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь цутгах ёсгүй. Тэгээд ч уг сан нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна.
Татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрэхээ зогсооё
ЭМДС өнгөрсөн хугацаанд ямар ч үр дүнд хүрээгүйг нотлох зарим жишээг дурдъя. Гоё гоё нэртэй ч үйл ажиллагаа нь зогссон маш олон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж энэ сангаас санхүүжилт авчээ. “Мэдээний зохицуулалт” ТББ гэхэд л “Хавдаргүй ирээдүйн төлөө” нэрийн дор 91.5 сая төгрөг зарцуулсан байна. Үр дүн нь ямар байгааг ХСҮТ-өөр ороод гарахад л ойлгогдоно. Тус төвийн дараалал, ачаалал жилээс жилд л нэмэгдсээр байна шүү дээ. “Эрдэнэсүндэрлэ” ХХК нь “Оюутан залууст нөхөн үржихүй, бэлгийн боловсрол, архи, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр 27.3 сая төгрөг авсан бөгөөд бас л төслийн үр дүн хангалттай хэмээн дүгнэжээ. Бас нэг жишээ нь “Ариун саруул бат” НҮТББ-ын “Эрүүл эр хүн” эрүүл мэндийн боловсрол олгох, суурь судалгаа хийх төсөл. Энэ нь 18-59 насны 1050 эрэгтэйг эрүүл мэндийн боловсролын түвшин тогтоох хоёр бүлэг 29 асуулт бүхий судалгаанд хамруулжээ. Судалгаагаар эрэгтэйчүүдийн гурван төрлийн эрсдэлт зан үйл буюу тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, хэн нэгнээс тусламж эрэхгүй байх зан байдал нь тэдний эрүүл мэндийн болон сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэх үндсэн шалтгаан болохыг тогтоосон гэх. Нийгэмд хэдийн тодорхой болсон эл асуудлыг судлахын тулд сангаас санхүүжилт аваад, хэнд ч ойлгомжтой, тодорхой дүгнэлтийг гаргаж суух нь юунд ашигтай вэ. Харин түүний оронд эдгээр асуудлыг шийдэхэд анхаарах, арга хэмжээ авах л хэрэгцээ бий.
Тэгэхээр төсвийн мөнгө “уйлдаггүйн” тод жишээ нь Засгийн газрын тусгай сангуудын нэг ЭМДС гэсэн ч болохоор байгаа юм. Нөгөө талаас сангийн хөрөнгийг олон жижиг хэсэгт хуваан, хэнд ч, юунд ч хэрэггүй зүйлсэд хүртэл “цацаж” ирсэн жишээ бий. Донтолтоос сэргийлэх стратеги хэвлүүлэхэд 500 000, эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гарын авлага хэвлүүлэхэд зориулан 700 000 төгрөг гэх мэтээр ЭМДС-гийн хөрөнгийг гарын салаагаар урсгаж байх юм. Эдгээр нь үнэхээр нийгмийн эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж дөнгөх үү. Энэ мэтчилэн татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлсэн, үргүй зарцуулсан жишээ олон бий. Гарын авлага хэвлэж, сургалт, уулзалт зохион байгуулсан зардлыг тогтмол ЭМДС-гаас шийдэж ирсэн гэхэд ч буруудахгүй нь. Тиймээс л үр дүнгүй ч зарлага нь ихэдсэн энэ сангаа татан буулгая гээд байгаа юм.