Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/358 дугаартай "Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай" тушаалын хүрээнд Өрхийн эмнэлгүүдэд зорилтот бүлгийн иргэдийг томуугийн вакцинаар дархлаажуулах ажил явагдаж байна. Томуугаас хамгаалах хамгийн сайн арга бол улирлын томуугийн вакцинд хамрагдах . Томуугийн вакцин нь томуу өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоох тарилгын шингэн бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн GCFlu 4 цэнт вакцинаар дархлаажуулалт хийгдэж байна. Вакцин нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.
Томуугийн дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн иргэд:
- 2-5 насны хүүхэд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- 65 болон түүнээс дээш настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Зорилтот бүлгийн иргэн болон эцэг, эхчүүд 2-5 насны хүүхдээ харьяа дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж буй томуугийн вакцинд хамруулж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.