Дэлхийн хөхний хорт хавдартай тэмцэх сар өдгөө тохиож байна. Тодруулбал, дэлхий даяар аравдугаар сарыг ийнхүү зарлаж, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Хөхний эрүүл мэндийн төвийн хөхний дүрс оношилгооны их эмч Э.Аззаяатай ярилцлаа. Тэрбээр хөхний хавдраас урьдчилан сэргийлэх болон өвчилсөн тохиолдолд хэрхэн эмчлүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
-Хөхний хавдар сүүлийн шатандаа илрэх нь түгээмэл гэдэг. Шинж тэмдэг нь хэрхэн илэрдэг вэ?
-Сүүлийн шат руугаа ойртох тусам хөх өвдөх нь ихэсдэг. Хавдрын хэмжээ нь томорч, суга руу нь хатгаж эхэлснээр мэргэжлийн эмчид хандахаас өөр аргагүй болдог нь цөөнгүй. Олон жилийн дараа бэрсүү бүтцийн өөрчлөлтөд орсноор хавдар болсон байхыг үгүйсгэхгүй. Эд, эсийн шинжилгээ хийснээр хавдар хортой, эсэхийг нь тогтоодог.
-Сүүний булчирхай болон хөхний хавдрын бэрсүүг хэрхэн ялгах вэ?
-Хүмүүс том хөхтэй байх тусам хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг гэдэг. Энэ нь буруу ойлголт. Хөхний хавдар нь хортой, хоргүй гэсэн төрөлтэй. Хавдар нь цус болон тунгалгийн замаар дамжин бусад эрхтэнд үсэрхийлдэг. Хоруу чанар өндөртэй. Хоргүй хавдар нь зөвхөн тэр хэсэгтээ байрлаж, хэмжээ нь томорсноор өвдөлт нэмэгддэг юм. Энэ нь идээт үрэвсэл, бэрсүү, хоргүй уйланхай хэлбэрээр илэрч болно. Хортой хавдар гэдэг нь хөхний булчирхайд үүсдэг, сүүг дамжуулах сувгийн хэт эмгэг ургалтаас шалтгаалдаг зүйл. Хөх нь ургаж байгаа хүн бүрд хөхний хавдраар өвчлөх эрсдэл үүсэж болно.
Хоёрдугаарт, удамшил нөлөөлөх магадлалтай. Хөхний хорт хавдар ээжийн талын эмэгтэйчүүдэд удамших хандлагатай. Молекул биологийн шинжилгээнүүд хийснээр удамшсан, эсэхийг нь тогтоодог. Эмэгтэй хүн шилжилтийн насандаа дааврын өөрчлөлтөд ордог. Энэ үед хөхөнд хавдар үүсэх магадлал нэмэгдэж болно. Мөн цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлтөөс хөхөнд эмгэг үүсэх эрсдэлтэй. Жирэмслэхээс хамгаалах эмийг тав болон түүнээс дээш жил, 72 цагийн эмийг жилд 1-2-оос олон удаа хэрэглэх нь ч эрсдэлийг нэмэгдүүлнэ. Бугалгын суулгац удаан хугацаагаар тавиулах нь ч эрсдэлийг ихэсгэдэг. Хорт зуршил, таргалалт ч нөлөөлнө. Хөхүүл үедээ горьдоод, түүнээсээ бэрсүү үүсчихсэн гэдэг. Үүнийг сайн хянуулахгүй бол 10-20 жилийн дараа хавдар болох эрсдэлтэй.
-Хөхний хорт хавдар бүрэн эмчлэгддэг үү?
-Нэг, хоёрдугаар шатанд нь оношлуулсан тохиолдолд эдгэрэлт 90 хувиас дээш байна. Шат ахих тусам эдгэрхэд хэцүү болдог. Хавдрыг улсын төв эмнэлгүүд, Хавдар судлалын үндэсний төв, хөхний хагалгаа хийдэг хувийн эмнэлгүүдэд эмчлүүлж, мэс заслын аргаар авхуулна. Хавдрын дараах хими, туяа эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд хийдэг. Хагалгаагаар хавдрыг аваад, түүгээрээ нарийн шинжилгээ хийдэг. Хавдрын шинж чанараас хамаараад хагалгааны дараах эмчилгээ нь янз бүр.
-Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх нь нэмэгджээ. Үүний шалтгаан нь юу байв?
-Монгол Улсад жилд 250-300 хүнд хөхний хортой хавдар илэрдэг. Үүнээс эрэгтэйчүүдийн хөхний хавдар 1-2 хувийг нь эзэлж байна. Шилжилтийн насны эрэгтэй хүүхдүүдэд хөхний булчирхайлаг эд үүсдэг. Зарим хүүхдийнх томроод байдаг нь хавдрын шалтгаантай байх магадлалтай.
-Хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хөх ургаж эхлэх үеэс нь эмэгтэй хүүхдүүдэд тогтмол, зөв шалгахыг зааж өгөх хэрэгтэй. Анх удаа шалгаж байгаа хүмүүс хөхөнд хатуу зүйл мэдрэгдээд байна гэдэг. Хөхний бүтцийг мэдэхгүй хүмүүс эмгэг, эрүүл өөрчлөлт аль нь болохыг ялгаж мэддэггүй. Хамгийн анхан шатны оношилгоо нь ЭХО. 40 хүртэлх насны эмэгтэйчүүд хоёр жилд нэг, түүнээс дээш насныхан жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших шаардлагатай. Дэлхийн хөхний хорт хавдартай тэмцэх сар өдгөө тохиож байна. Үүний хүрээнд манай эмч, мэргэжилтнүүд иргэдэд хөхний хавдрыг таниулах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн