УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүний байр суурь, тавьсан асуултад нь төсөл санаачлагчийн зүгээс өгсөн хариултыг тоймлон хүргэж байна.
Ц.Даваасүрэн (УИХ-ын гишүүн): -Гэр оронд нь нэгжлэг хийхдээ хүний эрхийг ихээхэн зөрчдөг юм байна. Тэр үеэр гэртээ байсан бага насны хүүхэд нь сэтгэцийн өөрчлөлттэй болсныг хүртэл ярилаа. Ийм зэрлэг балмад байж болохгүй. Бид бүгдээрээ хүүхэдтэй гэдгээ гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүс ч бодолцох ёстой. Манайхан социализмын үеийн арга барилаасаа салах цаг болсон. Европын орнууд, Америк нотолж чадаагүй л бол хүн амины хэргээр хэнийг ч баривчилж чаддаггүй.
Б.Энхбаяр (Хууль зүй, дотоод хэргийн сайд): -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох үйл ажиллагааны явцад сэжигтэн, хохирогч, гэрч гээд бүх талын хүний эрхийг хангах ёстой. Гэмт хэрэг хийснийг нь хууль зөрчөөд ч хамаагүй нотолно гэсэн зарчим хэрхэвч байж болохгүй. Тэгж байж шүүхийн шударга ёс хадгалагдана. Хуулийн төслөөс орхигдсон цөөн зохицуулалт бий. Тэдгээрийг хэлэлцүүлгийн явцад тусгахад гишүүд маань дэмжээрэй. Тухайлбал, шүүх хурал хийхдээ цагдан хоригдож байгаа этгээдэд үндэслэлийг нь танилцуулдаггүй, өмгөөлөгчийг нь байлцуулдаггүй. Тухайн иргэн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхтэй. Үүнтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгахгүй бол хойшлуулшгүй баривчилгаа, гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэсэн барьцгүй үндэслэлээр цагдан хорьсоор байна. Энэ мэт хэдэн ч янзаар тайлбарлаж болох үндэслэлүүдийг хуулиас нь хасна.
Ц.Даваасүрэн: -“Хэрхэвч болохгүй” гэж яриад өчнөөн жил өнгөрлөө шүү дээ. Хуулийн байгууллагынханд тавих хяналтаа сайжруулж болдоггүй юм уу?
Б.Энхбаяр: -Тантай санал нэг байна. Өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг арга барилаас бүхэлдээ татгалзах учиртай. Энэ ажил цаг хугацаа их авдаг юм байна. Хүнээс хамаардаг зүйл ч нэлээд байдаг юм байна. Нэгэнт сурчихсан, суучихсан арга барил, хандлага өөрчлөгддөггүй юм байна. Харин одоо их сургуульд энэ чиглэлийн хичээл үзэж байгаа оюутнууд 10 жилийн дараа ажил дээр гарч байж үүнийг өөрчилнө. Өнөөгийн оюутнууд хүний эрхийн мэдрэмжтэй, арга барил, хандлага нь ч тэс өөр болсон шүү. Цагдан хорихын тулд явуулж буй гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг сүүлийн 10 жилд УИХ-ын түвшинд гурав дахь удаагаа ярьж байгаа нь энэ. 2013 онд Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр цагдан хорих ажиллагааг хязгаарлахаар ярьж байсан. Тухайн үеийн улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тус зохицуулалтыг татаж аваад, цагдан хорьдог байхаар тусгачихсан. 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мөн үүнийг хязгаарлах агуулга бүхий төсөл өргөн барьсан ч элдэв лоббийг нь дийлээгүй.
Ц.Мөнх-Оргил (УИХ-ын гишүүн): -Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задлаад байгааг таслан зогсоох ёстой. Ийм тохиолдолд шууд сэтгүүлчийг буруутгаж болохгүй байна. Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг л тогтоох хэрэгтэй. Хавтаст хэргийн материалыг хэдхэн сэтгүүлч тэр чигээр нь гаргаж тавиад, улс орныг шуугиулдаг болоод удлаа шүү дээ. Тухайн мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцсон өчнөөн хүний хөдөлмөрийг ингэж баллаж, буруутай этгээд нь ял завших боломж бүрдүүлж байна. Ер нь яг энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороонд та мэдээлэл хийх хэрэгтэй. Нөгөө талаас хуулийнхан бие биеэ шалгаж чадахгүй, энэ ажлыг гацаагаад байгаа бол прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн шалгах албыг сэргээн байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна сүүлийн үед хууль зөрчөөд байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын талаар байнга ярих болсон. Ийм зүйлд холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож, нэг тийш нь шийдвэрлэхгүй бол дараагийн үедээ муу үлгэр дуурайл үлдээгээд байна. Гэхдээ хуулийнхан маань ажлаа хийж чадахгүй болтол эрх зүйн орчныг нь чангалчих вий гэдгийг бас бодолцоорой. Ямар ч тохиолдолд цагдан хорьж, баривчилж болдоггүй байдалд оруулчихгүй анхаараарай.
Б.Энхбаяр: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу явуулж, хууль зөрчсөний улмаас 2008-2023 онд 425 иргэнийг хохироосон байна. Шүүхээс тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргаж, нөхөн төлбөр олгуулахаар болсон. Хохирлынх нь нөхөн төлбөрийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг. Үүнийг ирэх онд 100 хувь барагдуулахаар ажиллана. Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцаас ямар ч гэсэн хөрөнгө гаргаж, барагдуулна. Төр алдаа гаргаж, хууль зөрчиж, иргэдээ хэлмэгдүүлсэн учраас тэдний эрхийг сэргээх ажлыг өөрөөсөө эхлэх ёстой. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад улсын төсөвт мөнгө байхгүй гээд хойш тавиад байж болохгүй. Төр нь, хуулийн байгууллагынхан нь ийм алдаа гаргаж таарахгүй. Таны хэлсэнчлэн энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүйн тулд Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт мониторинг хийх ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас тавьдаг саналуудыг төсөлд тусгасан.
Ц.Сандаг-Очир (УИХ-ын гишүүн): -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль дахь “хойшлуулшгүй тохиолдол” гэх ойлголтыг төсөлд хэрхэн тусгаж, сайжруулах вэ. Өнгөрсөн хугацаанд үндсэндээ үүгээр халхавчилж барьж, цагдан хорьж ирсэн шүү дээ. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдээллээр гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан гэх үндэслэлээр 135 хүнийг баривчилсан ч 24-48 цагийн дараа сулласан байна. Гэнэт баривчлаад, баахан цагдаж байснаас нотлох баримт байхгүй гээд сулласан гэсэн үг. Тэрийг нь нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, цацдаг. Ийм байдалд орсон хүмүүсийг хохирлыг хэрхэн барагдуулах вэ. Ер нь үүнийг даамжруулахгүйн тулд юу хийх ёстой вэ. Бас тухайн хүнийг баривчлахад хүргэж худал мэдээлэл өгч, гүтгэсэн хүнд ямар хариуцлага тооцох вэ?
Б.Батцэрэн (Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч): -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар баривчлах үйл ажиллагааг хоёр замаар хийж байна. Нэг нь шүүхийн зөвшөөрлийг урьдчилан авч баривчлах, нөгөө нь хойшлуулшгүй гэж үзсэн тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэсэн хоёр хэлбэр бий. Уг хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар судлахад нийт баривчилгааны 99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийсэн байна. Ингэхдээ эдгээрийн 60 хувийг хойшлуулшгүй гэх үндэслэлээр явуулжээ. Иймд баривчилгааг шүүхийн хяналтан дор явуулах ёстой гэсэн үзэл баримтлалаар эл хуулийн төслийг боловсруулсан. Тодруулбал, баривчлах үндэслэлүүдийг илүү тодорхой болгож, нарийвчлан тусгасан. Хойшлуулшгүй үндэслэл гэдэг зүйлд ямар, ямар тохиолдлыг хамруулах вэ гэдгийг тусгайлан орууллаа.
Ингэснээр мөрдөгч хойшлуулшгүй үндэслэлээр баривчилсан гэж тогтоолдоо бичихгүй гэсэн үг. Харин яг ямар үндэслэлээр баривчилж буйгаа тогтоолдоо тодорхой заах юм. Баривчилгааны 48 цаг дуусахаас өмнөх 24 цагт прокурорын хяналтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, үндэслэлгүйгээр баривчилсан, хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзвэл прокурор тухайн хүнийг суллах үүрэгтэй. Ингээд хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлж, гэмт хэргийн үндэслэл тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах юм. Улмаар үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг шийдвэрлүүлэхээр 24 цагийн өмнө шүүхийн хяналтад оруулна гэсэн үг. Шүүх хянахдаа баривчлах ажиллагаа хуулийн үндэслэлтэй байсан уу гэдэгт дүгнэлт хийж, шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, тухайн хүнийг үргэлжлүүлэн цагдан хорих үндэслэл байна уу, өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах уу гэдгийг прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг харгалзан хэлэлцүүлгээр шийдвэрлэх юм. Шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэхээр заасан.
Шүүх энэ ажлыг хуанлийн өдөр бүрийн 22.00 цаг хүртэл тасралтгүй хийнэ гэсэн үг. Үүнд баримтлах журмыг Дээд шүүх батална гэв. Баривчилгааны нэлээд хувь нь гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан гэх үндэслэлтэй байгаа. Тэдгээрээс цөөнгүй хувийг нь 48 цагийн дараа сулласан дүн бий. Ийм тохиолдолд эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй хүн гомдол гаргавал холбогдох материалыг нь прокурор шүүхэд шилжүүлэн, шүүх дүгнэлт гаргахаар тус төсөлд заасан. Тухайн иргэний эрхийг зөрчсөн, үндэслэлгүй баривчилсан гэж шүүх үзвэл учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалт оруулсан. Түүнчлэн баривчлагдсан нийт хүнийг шүүхийн шатаар дамжуулалгүй сулласан гэх дүн гарсан байдаг. Тухайн хүмүүс гомдол гаргаагүй ч гэсэн шүүхээр хянуулдаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан. Сэтгэл санааны хохирлыг барагдуулахтай холбоотой заалт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бий гэв.