Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталж, долдугаар сарын 3-наас мөрдөж буй. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо биелүүлэх ёстой. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл хорооны орон тооны бус гишүүнээр Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томиллоо. Тус албан тушаалд зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхнээс олонхын санал авсан нь тэд аж.
Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах тус хороо нь төрийн албаны төв байгууллагын таван гишүүнээс гадна орон тооны бус дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар дээрх хуульд заасан. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн хороо есөн гишүүнтэй ажиллана. Өдгөө Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Б.Баатарзориг, С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нар ажиллаж буй. Орон тооны бус гишүүдийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо томилж, чөлөөлөх эрхтэй.