УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн парламентад “хөл тавьсан”-аасаа хойш л эмийн асуудлыг цэгцлэх талаар ярьж байна. Гэхдээ хийсэн гэх дорвитой зүйлгүйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад тун ойрхон ирлээ. Ямартай ч тэрбээр үүнийг улиг болтол ярьсны хувьд эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэгтэй түр хорооны даргаар энэ сарын 4-нд сонгогдов. Ийм түр хороо байгуулснаар эмтэй холбоотой бүх асуудлыг цэгцэлж, сайжруулна хэмээн анх санаачилсан хүмүүсийн нэг нь Ж.Чинбүрэн. Гэсэн ч түр хорооны ажил дарга нарын амласан шиг хэмжээнд хүрээгүйг эмийн сан бараадаж, үнийн өсөлтөд дарамтлуулж яваа иргэд гэрчлэх биз ээ.
ХОЁР ХОРОО, ЗУРГААН ХУРАЛ
УИХ-ын өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны 60 дугаар тогтоолоор дээрх түр хороог байгуулсан юм. Гэхдээ энэ нь шинэ бус, “дахин төрсөн” хороо байлаа. Үүнээс жил гаруйн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 19-нд УИХ-ын тогтоолоор хянан шалгах түр хороог байгуулсан. УИХ-ын гишүүн Н.Учрал даргалсан тус хороо 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан гэх нэртэй боловч ярьсаар байгаад л бүрэн эрхийнх нь хугацаа дууссан билээ. Тэд дөрвөн удаа хуралдахаас өөр гавьтай зүйл хийсэнгүй. Тэгвэл өнгөрсөн хавар байгуулсан түр хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор тэд хоёр удаа хуралдаж, эхнийхэд нь даргаа сонгон, дараа нь эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгагчийг томилж, ажлын даалгаврыг батлах асуудлыг хаалттай хэлэлцжээ.
“Манай зах зээлд чанаргүй эмийг хэт үнэтэй зараад байгаа. Энэ тогтолцоог хуулиар л засаж, шийдэхгүй бол ганц нэг компанитай ноцолдоод дийлэхгүй. Тиймээс монопол, шударга бус өрсөлдөөнийг дэмжиж байгаа тогтолцоог халахад анхаарч ажиллана гэж бодож байна. Тэр ч утгаараа би анх эмийн түр хороо байгуулах төслийг санаачилсан” гэж Ж.Чинбүрэн түр хорооны дарга болохдоо хэлж байв. Эрүүл мэндийн салбараас УИХ-д “ирсэн” юм гэсэндээ “эмзэг” цэг хаана байгааг тэрбээр сайн мэднэ. Тиймдээ ч өмнөх түр хороонд ч гишүүн нь байсан юм. Гэхдээ түүнд ярих сэдэв, түүгээрээ дамжуулан олон нийтийн өмнө “попрох” хэрэгцээ л бий гэж хардахад хүрч байна. Яагаад гэвэл эмийн чанар, хүртээмжийг сайжруулж, үнийг бодит хэмжээнд хүргэнэ хэмээн цээжээ дэлдэх нь сонгогчдын “зүрх сэтгэл”-д хүрэх хамгийн дөт замуудын нэг.
АСУУДЛУУДАА МЭДДЭГ Ч ГАРАА ХӨДӨЛГӨДӨГГҮЙ
УИХ-ын тогтоол ёсоор бол өмнөх түр хороо нь хүний эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлт, хяналт шалгалтыг сайжруулах, үр дүнтэй болгох үүрэгтэй байв. Тэгвэл энэ удаагийн түр хороо нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалт, үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөл, хүртээмж, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, үр дүнтэй болгох аж. Гишүүний тоо өмнө дурдсанаар долоо бөгөөд дарга Ж.Чинбүрэнгээс гадна олонхыг төлөөлөн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, цөөнхөөс Б.Бейсен, Ц.Туваан нар багтжээ. Тэдний олонх нь өмнөх түр хорооны гишүүн. Тэгэхээр танин мэдэхүйн чанартай зүйлд цаг зарцуулалгүйгээр зорьсон ажлуудаа шууд эхлүүлэх шаардлага байна.
Учир нь түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах хуультайгаас дөрвөн сарыг нь тэд юу ч хийлгүй алдчихсан. Тэгэхээр одоо хоёр сар хүрэхгүй хугацаа л үлдсэн гэсэн үг. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33.8-д “Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно. Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” хэмээн заасан.
“Манай эмийн зах зээлд 500 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байна. Энэ мөнгө хаашаа, яаж ордог схем нь тодорхойгүй. Гүйцэтгэлийн аудитын судалгаанаас харахад импортын эмийн 16, дотоодынх нь 19.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй. Үүнээс гадна олон улсын аргачлалаар хийсэн судалгаагаар манай дотоодын зах зээл дэх эмийн бараг 41 хувь нь 10-15 дахин буюу бүр 540 хувиар нэмэгдсэн үнэтэй. Иргэдийн эм, тарианд зарцуулж байгаа мөнгө өрхийн орлогыг нь хоосруулж, ядууралд хүргэх нэг шалтгаан болдог. Индонез, Филиппин улс эмийн мафид үнэхээр баригдчихлаа гэдгээ зарлаад, цагдаа, хүчний байгууллагатайгаа нийлээд тэмцэж байна л даа. Манайд ч үнэхээр хэцүү байгаа. Гуравхан компани монополчлоод байна. Гэтэл эм шалгадаг улсын ганц лаборатори нь тоног төхөөрөмжөө ч шийдэж чаддаггүй. Эмийн чанараа шалгаж тогтооход хэцүү гэж тэндхийн хүмүүс ярьж байгаа” гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ сарын эхээр болсон түр хорооны анхны хуралдааны үеэр хэлжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бейсен “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын өгсөн мэдээгээр гаалиас хэрэглэгчид хүртэл эмд гурван удаа 10 хувийн НӨАТ ногдуулж байна. Гаальд 10, эм ханган нийлүүлэх байгууллагад 10, тэгээд эмийн сан бас 10 хувийн НӨАТ төлдөг. Хоёрдугаарт, өргөн хэрэглээний жишээлбэл, зүрх, судас, даралт, амьсгалын замын өвчний эм маш үнэтэй болсон. Иргэд одоо хөнгөлөлттэй эм ч авч чадахгүй байна” хэмээн ярьжээ. Тэдний дурдсан зүйл нь манайд үнэхээр тулгамдсан, нэн даруй шийдэх ёстой ч амь бөхтэй оршсоор байгаа асуудлууд яах аргагүй мөн. Уг нь тэд шийдэх шаардлагатай зүйлсээ мэдээд байна. Гэсэн ч гараа хөдөлгөдөггүй.
Н.УЧРАЛ ЭМИЙН МАФИТАЙ ТЭМЦЭЖ ЧАДСАНГҮЙ
Өмнөх буюу Н.Учралын ахалсан түр хорооны хуралдаанаар ч дээр дурдсан хүндрэл бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж л байсан. Гэхдээ бас тэд ярихаас хэтрээгүй. Ядаж улсад ганцхан байдаг лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, шаардлагатай хөрөнгийг нь шийдүүлээгүй. Харин түүний оронд эмийн мафи гэдэг брэнд үг гаргаж ирээд, барилдахаасаа таахалзах нь гэгчээр “Бид мафитай тэмцэж байна” хэмээн байн байн ярьсаар улиг болгов. Хоёр дахь түр хороо нь ч тэдний замаар “явж” байна. Тэд яриад байдаг ч мафийг яагаад задалдаггүйг иргэд одоо болтол мэдээгүй. Тэгвэл “Н.Учрал гишүүнээр ахлуулсан түр хороо эмийн асуудалд үнэхээр дорвитой өөрчлөлт хийнэ гэж бид найдсан. Гэтэл “Эмийн мафи ёстой бүтэхгүй юм байна” гэж Н.Учрал сайд өөрөө надад хэлсэн” гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ам алдсан байх юм. Ийм маягаар л тэд ажил хийсэн нэр зүүн ялархацгааж байна. Гэтэл үүний цаана мафиуддаа ээлтэй, иргэдэд халтай тогтолцоо улам бэхжих болов. Тухайлбал, иргэд өөрсдийн хэрэглэх аминдэмээ гадаадаас багахан хэмжээгээр авчрахад л бүртгэлгүй гээд хил нэвтрүүлдэггүй, хурааж авдаг, дарамталдаг. Иргэдэд л эр бяраа гаргадаг, харин том асуудлуудаа болохоор шийддэггүй, мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өнгөрдөг энэ байдлаа өөрчлөхөд эхлээд анхаарвал яасан юм бэ.
ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮРЭХЭЭС ХЭТЭРДЭГГҮЙ АГЕНТЛАГ
УИХ-ын гишүүдээс бүрдсэн түр хороо эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг тогтворжуулахтай холбоотой нөхцөл байдлыг үнэлэн, санал, дүгнэлт гаргах буюу ерөнхий чиглэлийг нь тодорхой болгох учиртай. Түүнчлэн эмийн асуудлыг цэгцлэх үүрэгтэй ч ажилладаг, эсэх нь мэдэгддэггүй бас нэг газар байгаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар. Энэ газрыг байгуулахад үүрэг гүйцэтгэсэн “автор”-уудын нэг нь бас л Ж.Чинбүрэн. 2021 оны хоёрдугаар сараас тус байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш хэдийн хоёр жил найман сарын хугацаа өнгөрсөн ч эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих чиглэлд ахиц дэвшил, эерэг өөрчлөлт гарсангүй. Тус агентлагийн үндсэн орон тоо 132. Одоо ажиллаж байгаа нь 118. Өөрийн гэсэн байргүй. UBH төвд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг.
Түрээсийнхээ төлбөрт жилд 300 сая гаруй төгрөг зарцуулдаг гэнэ. Жилийн зарлага нь өнгөрсөн онд 4.5 тэрбум төгрөг байсан. Энэ жилийн төсөв нь 3.9 тэрбум төгрөг. Чиг үүргийн ажлаа чанартай хийж чадахгүй атал ийм маягаар төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэдэг гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн агентлаг байгуулснаар хуурамч эм зах зээлээс шахагдан гарах нөхцөл бүрдэнэ. Чанартай, сайн эмийг бага үнээр авах бодлогыг эмийн агентлаг хэрэгжүүлнэ” гэж дээрх газрыг нээх үеэр ярьж байв. Гэсэн ч бодит нөхцөл байдал түүний хэлсний эсрэг байгаа. Бас УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулаад ч нэмэр алга. Аль аль нь ёс төдий үйл ажиллагаа явуулж буй болохоор ямар үр дүн хүлээх вэ дээ.
Бэлтгэсэн: М.Оч