Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өчигдөр болсон хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцаалаа. Түүний дээд шүүхэд гаргасан бичиг баримт зөрчилтэй байсан аж. Тодруулбал, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй учраас Дээд шүүх бүртгээгүй аж.
Мөн иргэн Б.Ганзоригийн гаргасан “Их монгол засахуй ухаан нам” (ИМЗУН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг ч хүлээн авсангүй. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний 37 дугаар тогтоол, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны гуравдугаар сарын 21-ний 04/965, зургаадугаар сарын 6-ны 04/1954 дүгээр албан бичигт дурдсан зөрчлүүдийг ИМЗУН-ынхан арилгалгүйгээр дахин хандсан нь өргөдлийг буцаах үндэслэл болжээ.