Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тус хуулийн төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, дээрх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, чадавхижуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог байх асуудлыг хөнджээ. Мөн шинэ технологи, нутагшуулах зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцан хэрэгжүүлж ирсэн бол дээрх хууль хэрэгжсэнээр дотоодод эмчилдэггүй 26 төрлийн өвчний тоо буурна гэж үзжээ.
Түүнчлэн Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаад улс оронд эмчилгээ хийлгээд ирсэн иргэдийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан байна. Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох зохицуулалтыг оруулжээ.
Архи, тамхи болон эмийн онцгой албан татварын 1-2 хувиар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө бүрддэг байна. Энэхүү мөнгийг нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаанд сургалт сурталчилганд зарцуулдаг байсан бол тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийг дэмжих санд 10 тэрбумыг төсөвлөхөөр тооцоолжээ.