Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 9364 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7630-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаас 4812 тохиолдлоор давжээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх буюу 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас өвчний тархалт ихэссэн шалтгааныг тодруулахад “Салхин цэцгийн өвчлөл цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан. Тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь нэмэгдлээ.
Ялангуяа энэ онд өвчлөл төдийлөн буурахгүй байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн, хүүхдийн байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зэрэгтэй үүнийг холбож үзэж болно” гэв. Түүний мэдээлснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн салхин цэцгийн өвчлөлийн ихэнх буюу 70.5 хувь нь хүүхдийн байгууллагад халдвар голомтлон тархсантай холбоотой гэнэ. Тодруулбал, 269 сургууль, цэцэрлэгт халдвар бүртгэгджээ. Тиймээс хүүхдийн байгууллагын эмч нар хяналтаа сайжруулахыг зөвлөв. Өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд сургууль, цэцэрлэгийн эмч, багш, эцэг, эхчүүд хамтран анги бүрд тандалт хийх нь зүйтэй гэлээ. Уг өвчин нь амьсгалын болон ахуйн хавьтлын замаар тархдаг бөгөөд нууц үе нь 14-21 хоног аж.
Бэлтгэсэн: М.Оч