УИХ нийтийн өргөдөл хүлээн авах цахим систем “зохиож”, дарга Г.Занданшатар нь “НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгохыг дэмжих үү” хэмээн ард түмнээс саналыг нь асууж буй. Өнгөрсөн гурав хоногт 69 мянга орчим иргэн үүнийг дэмжиж, цахим өргөдөлд гарын үсэг зуржээ. Ингээд 100 мянган иргэнээс дэмжлэг авчихвал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох агуулгатай төслийг УИХ-аар хэлэлцэн батлах нь.
Ард түмнээр, иргэдээр шийдвэр гаргуулж, ард нь хариуцлагаас мултраад үлддэг тэдний “технологи” дасал болчихож. Намууд, улс төрчид сонгуулийн албан бус сурталчилгаагаа аль хэдийн эхлүүлснээс хойш ард түмэнд бүр ч их хайр зарлах биз.
Ер нь “Буцааж авах мөнгийг чинь нэмье” гэж байгаа учраас иргэд уухайн тас гараа өргөх нь угаасаа тодорхой. Бас нийгмийн сүлжээний “нөлөөлөгч” гэгддэг нөхдүүд үүнийг дэмжээрэй, гарын үсгээ зураарай гэж уулгалан уриалсан нь “сэжигтэй”, зохион байгуулалттай ч байж магадгүй. Үүний сацуу саналаа өгөөгүй байхад өмнөөс нь гарын үсэг зурсан гэх баримтыг нэг бус хүн нийгмийн сүлжээнд хуваалцсан нь хөндлөнгөөс нөлөөлөөд буй юм биш биз гэх хар төрүүлэв. Ямартай ч ард түмний хүсэл, оролцоо, гарын үсэгтэйгээр гаргалаа гэх эрх баригчдын ээлжит шийдвэр нь татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх явдал байх бололтой. Сангийн сайд нь үүнийг “Сонгууль дөхсөн хийрхэл нь “Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаах”-ын үлгэр болох вий. Энэ хоёр хувь бол буцаан олголт биш. НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, далд эдийн засгийг ил болгон, төсвийн орлогыг бүрдүүлж буйн төлөөх урамшуулал юм” гэж эсэргүүцсэн ч дээрх хуулийн төслийг батлах л болов уу. Ардын намынхан найруулж, ард түмнийг гол дүрд тоглуулдаг жүжгийнх нь нэг үзэгдэл ч байж мэднэ. Ямартай ч өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын дарга буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлсэн нөхцөлд нэмэлтээр 600 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатайг тодотгоод, үүнийг үр ашиггүй зардлаа танах замаар бүрдүүлэх боломжтойг онцолно лээ.
Гэхдээ үүгээр ард түмний оролцоог үгүйсгэх гэсэнгүй. Тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн иргэнийхээ саналыг хүлээн авах нь зөв. “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас ийм өргөдлийн систем ажиллуулж, иргэдээс саналыг нь авч, шаардлага болгон хүргүүлдэг сайн жишиг ч манайд бий. Тухайлбал, тэд өнгөрсөн зун нийслэлд болсон үерийн улмаас амиа алдсан иргэдийн өмнө хариуцлага хүлээлгэж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардсан өргөдөлд иргэдээс цахимаар гарын үсгийг нь цуглуулахад 20 орчим мянган хүн дэмжсэн юм. Гэвч тэдний өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх эрх зүйн орчин байхгүй бөгөөд ийм системийг УИХ-аас ажиллуулж эхэлсэн нь сайн хэрэг.
Нөгөө талаас НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх нь зөв, эсэх талаар байр суурь илэрхийлэхийг бүр ч зорьсонгүй. Гагцхүү иргэдийн саналыг ямар зорилгоор, юунд ашиглах гэж авч байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үнэндээ ийм өргөдлөөр санал авалгүйгээр аль нэгэн гишүүн, эсвэл Засгийн газар ийм төсөл санаачилж болох л байсан. Мөн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 тоот тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журмын2.2-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар иргэн санал гаргах, иргэдээс санал авахыг хориглоно”, 2.3-т “Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудал тусгахыг хориглоно” гэж заасан нь эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хийрхсэн улс төрчид иргэдээс ямар ч асуудлаар саналыг нь авчихаад адаг сүүлд нь “Ард түмний хүсэл байсан шүү дээ, би буруугүй” гэж бухаж ч мэднэ.
Өнөөгийн эрх баригчид, Ардын намынхан, удирдлагуудынх нь ард түмэнд саймширсан энэ мэт яриа бишгүй. Ард түмнээр, иргэдээр шийдвэр гаргуулж, ард нь хариуцлагаас мултраад үлддэг тэдний “технологи” дасал болчихож. Намууд, улс төрчид сонгуулийн албан бус сурталчилгаагаа аль хэдийн эхлүүлснээс хойш ард түмэнд бүр ч их хайр зарлах биз. Дээрх системийг сонгуулиар санал цуглуулдаг, худалдан авдаг сүлжээгээрээ дамжуулан эзэгнэж, удирдахыг ч үгүйсгэхгүй.
Уржигдар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан “Бөх бол үндэсний спорт. Тиймээс үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах, эсэхийг ард түмнээс асууж шийднэ” хэмээнэ лээ. Тэрбээр өмнө нь ч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, шинээр батлах уу гэдгийг ард түмнээсээ асууна. Нэг нам, нэг Засгийн газар, улс төрийн нэг хүчин давамгайлсан парламент энэ ажлыг хийх ёсгүй. Ийм санаачилгыг ард түмэн л гаргах эрхтэй. Шинэ Үндсэн хууль батлахыг ард түмэн дэмжвэл эрх баригч намын хувьд татгалзахгүй” гэж байв. Энэ бол өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа Монгол дахь Элчин сайдын яамд руу явуулсан гэх дуулианы үеэр түүний илэрхийлсэн байр суурь юм.
Өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ зөвлөлдөх санал асуулгаар дамжуулан Үндсэн хуульд “гар хүрэх” замаа засдаг. Түүнийгээ ард түмнээс асуусан гэж үздэг, тайлбарладаг. Энэ онд буюу хоёр дахь удаагаа зөвлөлдөх санал асуулга явуулах нэрээр Монголын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгаан, цаад “эзэн” нь одоогийн Үндсэн хууль гэж иргэдээр хэлүүлсэн гэхэд болно. Тодруулбал, УИХ Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоол баталж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулна гэж шийдвэрлэсэн нь шууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ гээгүй ч том зургаараа уг асуудлыг л хөндөх нь анхнаасаа илт байв. Тус санал асуулгад оролцохоор сонгогдсон 1570 иргэнээр ингэж хэлүүлчихээд “Ард түмнээсээ асуулаа. Тэд дэмжлээ. Бид хийнэ” хэмээснээс өөрцгүй. “Ард түмэн дэмжиж байна”, “Зөвлөлдөх санал асуулгаар ингэж шийдсэн” хэмээн оршил болгоод л зүтгүүлчихсэн хэрэг. Ийнхүү “Зөвлөлдөж шийдье” санал асуулга явуулсны үр дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болж, парламентын гишүүдийн тоог нэмчихээд байна. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголчууд нэгэн танхимд цуглаж чадлаа. Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо гэж иргэд сэтгэгдлээ хэлж байна. Сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа” хэмээн онцолж байлаа. Энэ ажлаа эрх баригчид ерөнхийд нь “тогтолцооны өөрчлөлт” гэж тодорхойлж, олон нийтийн ой тойнд хоногшуулж байгаад хийчихсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирэх оны төсвийн төслийг танилцуулахдаа “30 жилийн бугширсан асуудлыг гурван жилд бүтэн засахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгааг 21 аймгийн иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн уулзалтуудын үеэр биечлэн мэдэрлээ” хэмээн тэмдэглэсэн. 2024 оны төсвийг боловсруулахдаа ард түмнээсээ саналыг нь сонсож, тухайн орон нутагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт “тавьж”, юуг бүтээж, барьж, байгуулахаа иргэдээрээ эрэмбэлүүлнэ гэх пиарыг эрх баригчид энэ өдрүүдэд их ч хийлээ. УИХ-ын дарга намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч “2024 оны төсвийн хэлэлцүүлгийн өмнө Ерөнхий сайд орон нутагт ажиллаж, иргэдийн оролцоотой төсвийн хэлэлцүүлгийн эхлэлийг тавилаа. Иргэдийн хүсэл сонирхол, санал, шаардлагыг төсөвт тусгах хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулах нь чухал. Ард түмнийхээ хяналт, оролцоотойгоор хэлэлцэн баталсан олон хууль цаг хугацааны шалгуурыг дааж, Монголын хөгжлийг тэтгэх эрх зүйн хөшүүрэг, хурдасгуур болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.
Засгийн газрын тэргүүн ийн орон нутагт ажиллахдаа улсын төсвөөс гадна өөр бусад асуудлыг ч ард түмний саналаар шийднэ гээд мэдэгдчихсэн. Тухайлбал, Ховд аймгийнхантай уулзахдаа “Халзан бүрэгтэйн ордыг ашиглах, эсэхийг иргэдийн саналаар шийднэ. Тэд дэмжихгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэсэн юм. Сайд Д.Амарбаясгалан ч “Халзан бүрэгтэйн төслийг Засгийн газрын бодлогор хэрэгжүүлэх боломжгүй. Ард иргэдтэй уулзаж, энэ төслийн талаар ярилцах ёстой. Нэгэнт иргэд эсэргүүцэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж хүчилж хийх боломжгүй. Иргэд тухайн төслийг дэмжихгүй гэж байгаа бол Засгийн газар хүчилж чадахгүй. Засгийн газар ард түмнийхээ дуу хоолойг сонсож байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байгаа” хэмээснийг сануулъя.