Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэв. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсад сэжигтнийг баривчлах ажиллагааны 99 орчим хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна гэж үзэж дээрх төслийг боловсруулжээ. Тухайлбал, сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих, эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, эл ажиллагаанд тасралтгүй хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг үүгээр боловсронгуй болгох гэнэ. Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой заалтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, улсын онц чухал объект, мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох заалттай уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгахаар заажээ. Үүнээс гадна сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг сайжруулан тусгасан гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлав.
Бас цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс заримыг нь хасах гэнэ. Тухайлбал, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах (Эрүүгийн хуулийн 10.1), хүчиндэх (тус хуулийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг), үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, авлигын, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, энэ төрлийн бодисыг хэрэглэх орон байраар хангах, ургамлыг нь хууль бусаар тариалах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэнийг хамааруулах аж. Харин хулгайлах, мал хулгайлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусдад мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах төслийг баталснаар иргэдэд шуурхай, хялбар, үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ гэж үзэж буй. Энэ тухайд сайд Б.Энхбаяр “Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн, хэт урт хугацаагаар маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгана. Нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэнэ” гэв.
Мөн нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах 27 хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна. Игэснээр нийслэл хотод тулгамдаад буй авилга, газрын наймаа олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэх аж . Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Дээрх хуулиудыг баталснаар алслагдсан гурван дүүргээс бусдад нь газар олгохыг хориглоно. Гэхдээ улсын эмнэлэг, сургууль барих, гэр хорооллыг барилгажуулах зэрэг тодорхой таван үндэслэлээр төвийн дүүргүүдэд газар олгохыг зөвшөөрч байгаа. Дүүргийн Засаг даргын газар олгох эрхийг хязгаарлана” хэмээсэн юм.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ногоон автобус тойрсон асуудалтай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсныг дуулгав. Улмаар автобус худалдан авах олон улсын нээлттэй тендер зарлаж, тус компаниас урьдчилгаагаа нэхэмжлэхээр АТГ-т хандсан гэлээ. Өчигдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд түүнийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилохыг мэдэгдсэн юм. Харин хоёрдугаар орлогчоороо УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгийг томилно гэв.
Бэлтгэсэн: Б.Уран