Өмнөговь аймаг “Агаарын бохирдолгүй, утаагүй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны өвөл төвийн бүсийн гэр хорооллын нийт өрхийнхөө 60 хувьд буюу 2368 айлд “Нүүдэлчин” зуух олгохоор болжээ. Тус зуух нь угаасан коксжих нүүрс түлэх зориулалттай, давхар шаталттай, хаягдал үнс, утаа тортог, угаарын хий бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй зэрэг олон давуу талтай учир агаар, орчны бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна. Эл хөтөлбөрийн хүрээнд шинэ техник, технологи, инновац шингэсэн дэвшилт шийдлүүд нэвтрүүлэхээр төлөвлөсний нэг нь “Нүүдэлчин” зуух гэнэ. Үүнийг орон нутгийн засаг захиргааны байгууллага зах зээлийнх нь үнээс 10 дахин бага ханшаар тооцож, 100 мянган төгрөгөөр айлуудад олгож буй аж. Тус аймаг ирэх жилд багтаан гэр хорооллынхоо бүх айлыг ийм зуухаар хангахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл