Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ж.Дариймаагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Ж.Дариймаа өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр дур мэдэн битүүмжилж, хураасан гэсэн үндэслэл зааж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөхдөө энэ хэргийн хувьд орон сууцны дутуу барилгыг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй, харин шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн талаарх маргаан шийдвэрлэгдсэний дараа дараагийн ажиллагааг явуулах нь зүйтэй гэсэн агуулгатай дүгнэлт хийж, шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээв.