Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.10.17/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах, уг хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, Хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эх, олон нийт, байгууллага, хуулийн этгээдийн үүргийг нарийвчлан тусгах, хүүхэд хамгаалал гэр бүлийн чиглэлээр ажиллах нийгмийн ажилтныг давтан сургах лицензжүүлэх, үйлчилгээний үр дүнг тооцох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг илүү нарийвчлан зохицуулна гэж заасныг үндэслэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхэд хамгаалал нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж Засгийн газар хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, кэйс менежмент, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон гэв.
Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран үйлчлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан хамтарсан ба хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүрэг, сум хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн удирдлагад ажиллуулах, Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж ашиглах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.
Мөн гэр бүл, нийгмийн орчинд хүүхэд хамгаалах харилцааг өргөжүүлж, шинээр хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, хүүхэд хамгааллын кэйс менежментийн алхам хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр тус бүрээр тусгах зардлыг кэйст тулгуурлан тогтоох, хуулийн этгээд цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг хүүхэд хамгааллын бодлогод төсөвлөхөөр тусгажээ.
Түүнчлэн төсөлд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдийн оролцоотойгоор зохион байгуулж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсвэл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр, төрлийг тодорхойлох, хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативыг батлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна.
Хууль батлагдсанаар хүүхэд хамгаалах төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэнэ. Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай, цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсад хүүхэд хамгааллын асуудлыг шинэ шатанд гаргах цаг болсныг тэмдэглээд Чингэлтэй дүүргийн 20 мянган өрхөд нэг л хүүхдийн эрхийн байцаагч байгаа нь хүүхэд хамгааллын асуудалд хүний нөөцийн бодлогыг нэн тэргүүнд боловсруулж шийдвэрлэх, цаашлаад хөрөнгө санхүү дутмаг байгаа нь харагдаж байна. Улсын төсөвт хүүхэд хамгааллын зардалд найман тэрбум төгрөг төсөвлөсөн хэдий ч үндсэн асуудалдаа оновчтой зарцуулахгүй байна” гэсэн саналыг хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар “Хуулийн төслийн үзэл баримтлалд монголчуудын түүхэн уламжлалыг тусгах, хүүхэд хамгааллаас гадна уг төслийг соён гэгээрүүлэхэд чиглүүлэх шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, "Хүүхэд хамгааллын хамтарсан багийн орон нутаг дахь төсвийг тодорхой шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх, Хүний Эрхийн Үндэсний комиссын хүүхдийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэх, салбарын яам хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв болон хүүхэд хамгаалах байруудыг тохижуулах зэргээр хүүхэд хамгааллын мөнгийг оновчтой зарцуулах нь чухал" гэсэн саналтай байлаа. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, "Хуулийн төслийн хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь зүйлд 10 гаруйхан хэсэг, заалттай асуудлыг оруулж ирсэн нь хангалтгүй байгаа нь харагдаж байна. Миний бие Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгааллын талаар хуулийн төсөл боловсруулсан, удахгүй өргөн барина. Хүүхэд хамгааллын асуудалд хүний нөөц, хөрөнгө санхүү дутмаг гэж та бүхэн ярьж байгаа ч салбарын яам ажиллаж буй арга барил, явуулж байгаа бодлогодоо дүгнэлт хийх шаардлагатай" хэмээв.
Энэ үеэр Байнгын хорооны дарга П.Анужин хуулийн төслийг гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Иймд хуулийн төсөл, хүүхэд хамгааллын бодлогын талаарх гишүүдийн асуултад бүрэн дүүрэн мэдээлэл өгөх, оновчтой хариулахад салбарын яамны удирдлага, холбогдох байгууллагын албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.
Эцэст нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.