Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц албаа өгөх хүсэлт гаргасан байна. Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан юм.
Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж, 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжлөн олгосон түүхтэй.
Түүний орыг залгах дараагийн хамба нь X Богд Жавзандамба юм. X Богд Жавзандамба 2023 оны наймдугаар сарын 30-нд эрдэнийн эрих ёсчлон хүртсэн.
Гандан Лавран Ажлын албанаас энэ талаар "Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдэст дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурхны насны авшгийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртлээ.
90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрлээ. Энэхүү гайхамшигт буяны үрээр Дээдэс багш нарын өлмий өнөд бат оршиж, буяны садныг шүтэгч номын нөхөд дээдийн номын рашаанаар цэнгэж, Бурхан бодитой Жэвзүндамба хутагт таны шашин зүг бүрдээ дэлгэрэх болтугай" хэмээн мэдээлж байсан билээ.