Зуурдаар өнгөрсөн нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг мэдэхээр иргэн А.Отгонцэцэг өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна суулт зарлалаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар өнөөдөр гурав дахь удаагаа үзлэг шинжилгээ хийх юм. Тиймээс А.Отгонцэцэг шинэ бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж, ийн суулт хийж эхэлжээ.
Тэрбээр нөхрийнх нь нас барсан шалтгааныг “Амиа хорлолт” гэж гаргасан шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм. Улмаар өндрөөс унаж амиа хорлосон гэдэг нь баримттайгаар нотолж чадаагүй хэмээн үзэж буй. Талийгаач Г.Ганжаргалын ар гэрийнхэн ч "Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн доктор хүн амиа хорлоод үхчихнэ гэж байх уу, өмнө нь олон жил уулзаагүй дүүтэйгээ хөдөө явна гээд төлөвлөчихсөн байсан хүн ямар шалтгаанаас болж амиа хорлох юм бэ" хэмээсэн.
Улмаар ар гэрийнхнийх нь зүгээс талийгаач олон шарх, зулгаралттай, хувцас нь урагдсан байсан. Эдгээрийг өндрөөс унаад авах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд шарх яаж, хэрхэн үүссэн болохыг энэ удаагийн дүгнэлтээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулахыг хүсэж байгаа юм.
Мөн сар хүрэхгүй хугацаанд хэргийг яаравчлан хаах гэсэн үйлдэл, хурууны хээг нотлох баримтын шаардлага хангахгүйгээр буруу авсан, тухайн үед хамт байсан, сэжигтэн гэж хэлж болохуйц эмч нар нь шинжээчийн багт нь орох гэсэн үйлдлийг ашиг сонирхлын зөрчил гэж хардаж байгаагаа хэлсэн.
Өөрөөр хэлбэл, талийгаач Г.Ганжаргалын эхнэр "Энэ хүн өндрөөс унасан уу, үгүй юу гэх нөхцөл байдлыг тодруулахын тулд физикийнхнийг оролцуулах хэрэгтэй. Өгөгдлүүд нь тодорхой бий. Хэргийн мөрдөн байцаагч зургаадугаар сард Монголын урдаа барьдаг бүх физикчидтэй уулзаж, аман байдлаар зөвшөөрөл авсан. Физикчид өндрөөс унасан, унаагүйг нь тогтоох боломжтой, чадна гэсэн. Харамсалтай нь, зөвшөөрөл авах гэсэн ч прокурор Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн гаргасан журамтай холбоотойгоор физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг шинжээчийн бүрэлдэхүүнд оролцуулж дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлсэн.
Тиймээс хэвлэлийн бага хурал хийж, шүүх эмнэлгээс болно гэсэн албан бичиг авсан. Гэвч физикчид руу эргээд хандсан боловч боломжгүй гээд татгалзчихлаа. Яагаад татгалзчихав. Оролцоод өгөөч ээ гэж хүсмээр байна. Өгөгдлүүд нь бүгд байна. Физикчид, кримнологичид, математик суурьтай мэргэжлийн хүмүүс бүгд холбогдоорой. Унасан, унаагүй гэх нөхцөл байдлыг тогтооход бидний эцсийн найдвар болоод байна" гэв.
Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал 2022 оны долдугаар сард "Хасу шивэрт" рашаан сувиллын дээд давхрын тагтнаас унасан байдалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.