УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг мөн тус Дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын дарга Г.Занданшатарт тус тус ирүүлсэн байна.
УИХ-ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн тооны хоёрны нэгээс илүүгүй байна хэмээн заасан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар баталлаа.
Тус байнгын хороо энэ сард “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх, мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.