Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг “ Манай компани тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хямд үнэ бүхий хөнгөлөлттэй үнээр нийслэлийн ард, иргэдийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангахад чиглэсэн. Цаг уур, орчны шинжилгээний газраас РМ2.5 тоосонцор 56, РМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулаад байна” гэв.
Шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, нийслэлийн долоон дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэн борлуулаад байна. Мөн түүхий нүүрстэй харьцуулбал нэг өрх айлд 500-600 мянган төгрөгийн хэмнэлтийг бий болгодог тухай судалгаа гарчээ. Ингэснээр нийслэлийн 200 мянган айл өрхийн жилийн хэрэглээгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн таван жилийн хугацаанд 424.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, санхүүгийн хэмнэлтийг үзүүлсэн тухай танилцууллаа.
“Таван толгой түлш” ХХК төвийн, баруун, зүүн гэсэн гурван үйлдвэртэй. 2021 оны байдлаар баруун үйлдвэр нийт ачааллын 78.6, төвийн үйлдвэрт 7.6, зүүн үйлдвэр 13.9 хувийг гүйцэтгэжээ. Цаашдаа баруун үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар бууруулан зогсоож, төвийн болон зүүн үйлдвэр дээрээ ачаалал авна гэсэн зорилтын дагуу шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг онцоллоо.
Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин агаарын бохирдлыг бууруулахад нийслэл Улаанбаатар хотын захиргаа цахилгаан станц барих газраа төлөвлөөд, ТЭЗҮ-ийг боловсруулах судлах ажлын хөрөнгийг төсөвт суулгах, дэд станцуудын өргөтгөлийн ажлуудыг эрчимжүүлэх, нийслэл хотыг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шахмал түлшний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж өрсөлдөөнийг бий болгож улмаар бүтээгдэхүүний үнэ, зардлыг бууруулах асуудалд холбогдох Засгийн газар, яам, нйислэлийн хотын удирдлага, холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлага байгааг илэрхийллээ. Мөн мэдээлэлтэй холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгөхөөр болсныг мэдэгдэв.