Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шуурхай удирдлага, хяналтын төвийн дарга, дэд хурандаа М.Бат-Эрдэнээс дээрх мэдээлэл бодит, эсэхийг тодрууллаа.
-Олон нийтийн сүлжээнд хорих ял эдэлж байгаа Д.Мөнх-эрдэнийг эрүүдэн шүүсэн, бие эрхтэнд нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэл үнэн үү?
-Манай байгууллагын зүгээс нийт хорих анги, байгууллагын хэмжээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг, нэгжлэгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ дагуу хорих анги, байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа явагдсан. Тодруулбал, хоригдлын бие, байр, эд зүйлд үзлэг шалгалт хийх, түүнд хориглосон, хуулиар зөвшөөрөгдөөгүй эд зүйл байвал хураан авах, устгах үйл ажиллагаа явуулсан гэсэн үг.
-Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийн зүгээс нэг бус удаа эрх нь зөрчигдөж байна гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон хоригдлын эрхийг хангаж байгаа эсэхэд Прокурорын байгууллага, Хүний эрхийн байгууллагаас тогтмол хяналт тавьж байдаг. Дээрх ажиллагаа нь зохих хууль дүрмийн дагуу явагдсан ажил байгаа. Тухайн хорих ангид ял эдэлж байгаа Д.Мөнх-Эрдэнэд чиглэсэн, түүнийг хохироох, гэмтэл учруулах гэсэн ажил, арга хэмжээ биш. Энэ нь тус ангид ял эдэлж байгаа хоригдлуудын дунд хийгдсэн үзлэг, нэгжлэг шалгалтын ажиллагаа юм.