Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, уг ажлын зохион байгуулалт, бэлтгэлийн талаар хэлэлцсэн юм. Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар тэнцүүлэх, чөлөөлөх талаар санал солилцов.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирэх шаардлагатай. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ. Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ. Цэрэг татлагыг дүүрэг бүрд нэг байршилд зохион байгуулах нь.