БНХАУ-ын Хайнань руу “Хүннү эйр” компани ирэх сараас эхлэн тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнань арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийн ийнхүү нислэг үйлдэхээр тохиролцсоныг ЗТХЯ-наас мэдээлэв. “Хүннү эйр”-ийн зүгээс Улаанбаатар-Хайкоу Мейлан-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Сонирхуулахад, Хайкоу Мейлан олон улсын нисэх онгоцны буудал нь одоогоор орон нутгийн Бээжин, Шанхай, Гуанжоу, Ханжоу, Нанчан, Чэнду, Чунцин, Куньмин, Далянь, Шэньян, Жинань, Чиндао, Сиань, Чанша, Ухань, Гуйлин, Вэнжоу, Жэнжоу, Нанин, Шиамэнь, Фучжоу, Нанжин, Хөх хот зэрэг 29 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн олон улсын хувьд Хонконг, Пномпень, Бангкок, Макао, Сингапур, Куала-Лумпур, Сидней, Самоа, Лондон, Токио гэх мэтчилэн 10 гаруй чиглэлийн нислэгт үйлчилгээ үзүүлж буй юм байна. Дээрх нисэх буудал нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, агаарын тээврийн сүлжээгээ тэлж буй бөгөөд чөлөөт худалдааны боомтын нислэгийн төв болохоор төлөвлөж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор