2023.10.12 06.20 цаг
“Өвлөөс айдаг. Гэр бүлтэй, хүүхэдтэй болсноосоо хойш Улаанбаатарын өвлөөс айж эхэлсэн. Энэ их утаа униартай улирлыг яаж давна аа, хоёр хүүхдээ ханиад, томуунаас хол байлгаж, өвтгөлгүй өвөлжүүлчих юм сан гэж сэтгэл түгшдэг, зовдог болчихоод байна. Нөхөр маань өвлийн ид хүйтнээр бид гурвыг Цагааннуур (Сэлэнгэ аймгийн) луу явуулна гэж ярих боллоо. Хүүхдээ бодвол өнөөдөр, маргааш ч хамаагүй хөдөө явчихмаар байгаа ч хоёр талд зутарчих вий, ажил, орлого тасалдчих вий гэж зовниод, шийдвэртэй алхам хийж чадахгүй юм. Хоёр хүүхэд маань өнгөрсөн жил ээлжилж өвдөөд, намайг бараг ажил хийлгээгүй. Эм, тарианд хэчнээн ч төгрөг зарцуулсан юм, мэдэхгүй.
Энэ өвлийг яаж давна даа л гэж бодож байна. Ядаж байхад хүмүүс угаартаж нас барлаа, ухаан алдлаа гээд аймшигтай зүйлс байнга дуулдах юм. Миний нэг танилын дүүгийнх гэр бүлээрээ угаартаад, Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдсэн гэнэ лээ. Азаар хүн нас бараагүй. Манайх угаартахаас сэргийлээд өрхөө хагас бүтээж унтдаг. Бас том суулгад ус хийж тавьдаг. Бүр хэвшчихсэн. Зарим үед үүнийгээ мартчихаар хоёр хүүхэд маань сануулдаг. “Хүүхдүүд хүртэл ийм зүйлд санаа зовдог болчих гэж” бид хэд хоногийн өмнө ярьж байлаа...”
Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг, “Монгол керамик” (Цэргийн 0119 дүгээр ангийн зүүн талд байрлах)-ийн автобусны буудлын ойролцоо амьдардаг нэгэн найз минь ийнхүү ярилаа. Утааны голомтот бүс буюу нийслэлийн хамгийн их бохирдолтой хэсэгт амьдардаг түүнд тулгамдсан асуудал, санаа зовдог зүйл мундахгүй ч сэтгэлийг нь хамгийн ихээр түгшээдэг нь агаарын бохирдол болжээ. Улаанбаатарын дүнсгэр өвөл, хорт утаанаас айдаг хүн ганц тэр ч биш, нийслэлчүүд тэр аяараа түгшдэг, жийрхдэг болоод удлаа. Ялангуяа гэр хорооллын бүсэд аж төрдөг, шахмал түлшээр гал залгуулдаг айлуудын хувьд өвөл бүхэлдээ аюул эрсдэлийн улирал болсон. Энэ жил улаанбаатарчууд бүр ч их айж, түгшиж байна. Учир нь хүйтний эрч төдийлөн чангараагүй, галлагааны идэвхтэй үе эхлээгүй байгаа энэ цагт агаар бохирдуулагч бодисын хэмжээ зарим үед стандартаас давах боллоо. Нийслэлийн агаарын чанарыг долоо хоног бүрээр мэдээлдэг “Агаар” аппликэйшний үзүүлэлтээс харахад Улаанбаатарын агаар өнгөрсөн жилийн мөн үеийнхээс эрс бохир байна. Хамгийн сүүлчийн буюу өнгөрсөн долоо хоногийн дунджаар гэхэд хүхэрлэг хий, азотын давхар исэл, бүдүүн ширхэгт тоосонцор (PM10) өнгөрсөн жилийн мөн үеийн үзүүлэлтийг давжээ. Дэлхийн хотуудыг агаарын чанараар нь эрэмбэлдэг “Air visual” сайт ч Монголын нийслэл хамгийн бохир агаартай хотуудын тоонд багтсаар байгааг нэг бус удаа зарлалаа. Улс орнуудыг эдийн засаг, нийгмийн салбарын олон төрлийн үзүүлэлтээр эрэмбэлдэг “Word of statistics” цахим хуудас хамгийн их бохирдолтой улсуудын тэргүүнд Монголыг дөнгөж өчигдөрхөн жагсаав. Ард нь Мяньмар, Ливан, Гана, Нигери, Афганистан оржээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ.
Мөн иргэд шахмал түлшинд угаартаж нас барсан, хордож эмнэлэгт хүргэгдсэн тухай таагүй мэдээ дуулдаж эхэллээ. 33 насны эмэгтэй гурван хүүхэдтэйгээ гэртээ угаартаж, нас барсан харамсалтай явдал өнгөрсөн сарын эхээр нийслэлд гарлаа. Үүнээс хойш хэчнээн хүн угаартаж, хэдэн гэр бүл хагацал үзсэнийг мэдэхгүй юм. Энэ өвөл хэчнээн хүнд ийм аюул, эрсдэл тохиохыг тааварлахын аргагүй. Улаанбаатарчууд урьд өмнөхөөс илүү айдас, түгшүүртэй байна. Тэднийг айлгаж буй бас нэг зүйл нь шинээр туршихаар төлөвлөж буй хагас коксон түлш.
Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ өвөл зарим аймаг, дүүрэгт хагас кокс туршилтаар хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Дархан-Уул аймаг болон Налайх дүүрэг, Нисэх, Яармагийн гэр хорооллын 26 825 өрхөд ид хүйтний үед буюу арванхоёрдугаар сарын 15-наас үүнийг нийлүүлж, 45 хоног хэрэглүүлэхээр төлөвлөөд буй. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаны хүмүүс үүнийг туршилт, тандалт гэх мэтээр тайлбарлаж, үр дүн нь ямар байхаас шалтгаалан хэрэглээнд нэвтрүүлэх, эсэхээ шийднэ гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн ч энэ нь Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөнд хэдийн багтчихсан ажил юм билээ. Үр дүн нь ямар байхаас үл хамааран хагас коксыг хэрэглээнд үе шаттай нэвтрүүлэх, тэр ч бүү хэл, үүнтэй холбоотой томоохон бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөчихсөн. Тэгэхээр тэд үр дүнг нь сайн байлгахыг, сайхан харагдуулахыг л хичээнэ. УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа дөхөж буйг ч хэлэх үү, улс төрчид чихнээс нь хонх уядаг асуудлуудыг түр ч атугай намжаахыг, гал унтраасан арга хэмжээгээр аргацаахыг бодох нь тодорхой. Идэр есийн хүйтнээр эрчимждэг “Утаатай тэмцэх чиглэлээр ажил хийсэнгүй” гэх иргэдийн шүүмжлэлийг туршилтын гэх тодотголтой эл ажлаараа няцаана. Эрчим хүчний сайд ч “Хагас коксыг төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй ч ямар нэг зүйл хийхгүй байснаас дээр” хэмээх үгээр энэ санаагаа хэдийн илэрхийлчихсэн шүү дээ. Тиймээс 2023-2024 оны өвөл агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц дэвшил, өөрчлөлт гарна гэж найдалтгүй. Харин шинэ түлш нэвтрүүлэхтэй холбоотой “жүжигчилсэн тоглолт”, улстөржилт эрчимчих магадлал туйлын өндөр.
Нийслэлийн гэр хорооллынхны сүүлийн дөрвөн жилийн турш хэрэглэж буй сайжруулсан гэх шахмал түлшийг агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд анх яаж сурталчилж, хамгаалж, “но”-г нь өнөөдрийг хүртэл нууж ирлээ дээ. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жил Улаанбаатарын утаа буурсан мэт харагдаж байсан ч дараа оноос нь ямархуу боллоо доо. Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэх “даалгавар” авсан хүмүүс ч энэ жишгээр ажлаа үргэлжлүүлэх болов уу. Хамгийн хачирхалтай нь, нийслэлд өдгөө хэрэглэж буй сайжруулсан гэх шахмал түлшний чанар, үйлдвэрлэл, технологийн түвшний алдаа дутагдлыг шат шатны байгууллагынхан одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаар олон нийтэд бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй хэрнээ л өөр нэгийг гэнэт туршихаар болчихсон. Хөшигний цаана өрнөдөг энэ мэт будилаант шийдвэр, бүрхэг туршилтуудын үр дүнд иргэд л эрүүл мэндээрээ хохирч үлддэг нь дэндүү харамсалтай.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар зэрэг агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагынхан утааг бууруулах бүхий л төрлийн, олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байна хэмээн мэдээлсээр буй ч яг үнэндээ тэд түлштэй “зууралдах”-аас өөр зүйл хийхгүй байна. Уг нь түүхий нүүрсийг хориглож, шахмал түлшийг анх хэрэглээнд нэвтрүүлэхэд л судлаач, мэргэжилтнүүд “Түлшээ солиод л агаарын бохирдол буурчихгүй. Урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөөндөө үндэслэн олон талт арга хэмжээ авах хэрэгтэй. Агаар бохирдуулагч бусад эх үүсвэр (тээврийн хэрэгсэл, цахилгаан станц гэх мэт)-ээс ялгарч буй хорт бодисын хэмжээг ч бууруулах нь чухал. Гэр хорооллын янданг цөөрүүлэх, орон сууцжуулах, дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх зэрэг урт хугацааны, суурь шийдлүүдийг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагатай” хэмээн анхааруулж, зөвлөж байсан юм. Даанч Засгийн газар болон түүний бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллагынхан сүүлийн дөрвөн жилд энэ чиглэлээр дорвитой зүйл хийсэнгүй. Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ. Даанч ахиц дэвшил гарч байгаа нь ер алга. Энэ бүхний эцэст бий болсон үр дүн нь гэвэл Улаанбаатарын өвөл улам хахир, дүнсгэр болов. Иргэд ч “Өвлийг яажшуухан давна даа” гэсэн жийрхэл, “Түлшинд хордчих вий” айдастайгаар хүйтний улирлыг угтдаг боллоо. Нийслэлчүүд өвлийн бараанаар түгшүүрийн “дохио”-гоо хэдийн ажиллуулаад эхэлж. Харин агаарын бохирдлыг бууруулж чадахгүй иргэдээ амь, эрүүл мэндээр нь хохироосоор буй Монголын төр энэ дохиогоо хэзээ дуугаргах юм бол.