“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 13-14-нд боллоо. Тус хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” агуулгын хүрээнд зохион байгуулсан. Үүний хүрээнд эхний өдөр эрдэм шинжилгээний хурал болсон юм. Тэгвэл хоёр дахь өдөр нь олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар хөтөлбөрөө боловсруулжээ. Энэхүү үйл ажиллагааны үндсэн зохион байгуулагч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул “Сэтгэл зүйч нарын ажиллах орчин, тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалт хийх нь зүйтэй. Жил бүр сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудаа нэгтгэсэн, эрдмийн чуулганыг Олон улсын сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр зохион байгуулж, салбарынхаа хөгжлийн талаар ярилцах хэрэгтэй байна” хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцох бүтээлүүдийг сэтгэцийн эрүүл мэнд, эмгэг судлал, сэтгэл судлал, психосоматик анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд өнгөрсөн сарын 28 хүртэл хүлээн авч, шилдэг судалгааны эзэд хурлын үеэр бүтээлээ танилцуулсан. Судлаачид 70 гаруй бүтээл ирүүлснээс шилдгийг нь шалгаруулан, олны хүртээл болголоо. Тэдний зарим бүтээлээс онцлон хүргэе. Баянзүрх дүүргийн сэтгэцийн их эмч П.Болортуяа “Коронавируст халдварт цар тахлын дараах хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж буй Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх нь” илтгэл танилцуулсан. Судалгаанд тус эмнэлгийн 182 хүн хамрагджээ.
Оролцсон сувилагч нарын 35.5, эмч нарын 34.3 хувь нь сэтгэл гутралтай гэсэн дүгнэлтийг судалгааны үндсэн дээр гаргасан байна. Мөн ажлаас халшрах хам шинжийг нь ч судалжээ. Улмаар эмч, эмнэлгийн ажилтнуудын дөрвөн хувьд уг хам шинж өндөр түвшинд илэрсэн байна. Өрхийн эрүүл мэндийн буюу анхан шатны эмч, сувилагч нараас гурван хүн тутмын нэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай. Сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг 48 хувь нь авах шаардлагатай. Тэр дундаа 2.7 хувь нь хүнд хэлбэрийн эмгэгтэйг судалгаагаар тогтоосон байна. Тэрбээр “Сэтгэл гутралаас сэргийлэх, даван туулах үр ашигтай аргуудыг онцолсон мэдээ, мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулдаг байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн нь стресс бууруулах нөлөөтэй. Тиймээс гэртээ хийж болох дасгал хөдөлгөөнийг мэргэжлийн хүмүүс нь хамтран хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зааж, иргэдийн амьдралд дадал зуршил болгох шаардлагатай. Ажлын өндөр ачаалалтай хүмүүсийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд тогтмол үнэлгээ хийх, сэтгэл зүйн урт хугацааны тусламж, үйлчилгээнд хамруулах, хяналт тавихыг зөвлөж байна” гэсэн юм.
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандоржийн “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд хамрагдагсдын эрхийг хамгаалах асуудалд” бүтээл тус хуралд тэргүүн байр эзэлсэн. Тэрбээр судалгаандаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай 80 өвчтөний гэр бүлийн 48 хүнийг хамруулжээ. 2019-2022 он хүртэл үргэлжлүүлсэн эл ажилд чанарын судалгааны арга ашиглажээ. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эмнэлгээс гарахад ар гэрийнхэн нь хүлээж авахаас татгалзвал тэдэнд очих газар байдаггүй. Өөрөөр хэлбэл, тэднийг хүлээн авах асрамжийн газар байхгүй. Тиймээс тэдний Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хоёрдугаар зүйл буюу ялгаварлалт, гадуурхалтад өртөхгүй байх, гуравдугаар зүйл дэх хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх зэрэг эрх нь зөрчигдөж байна гэж судлаач үзжээ. Тэрбээр “Судалгааны үед гэр бүл, асран хамгаалагчдыг олж уулзах, чанарын ярилцлага хийх нь сунжирсан, хүндрэлтэй ажил байсан. Эхний ээлжид улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн газар байгуулах шаардлагатай. Энэ талаар зарим эмч нар 2021 оноос хойш саналаа бодлогын түвшинд хэлэлцүүлээд, шийдүүлэх талаас нь ажиллаж байгаа” гэв.
Судлаач Б.Нацагсүрэнгийн “Согтууруулах ундааны хэрэглээ ба сэтгэцийн тулгамдсан асуудлуудын хамаарлыг илрүүлэх судалгаа”-ны дүн анхаарал татлаа. Үүнд 1400 иргэнийг хамруулжээ. Тэднээс 10 хүн тутмын найм нь архаг стресс, зургаа нь сэтгэл түгшилттэй, долоо нь нойргүйдэлтэй. Дөрвөн хүний нэг нь сэтгэл гутралтай гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, судлаач согтууруулах ундааны хэрэглээний түвшин болон сэтгэл зүйн тулгамдсан асуудал хоорондоо нягт харилцан хамааралтай гэж дүгнэхэд хүрчээ. “Тухайн хүний өөрийн үнэлэмж өндөр байх нь согтууруулах ундаанд донтохоос хамгаалах хүчин зүйл болдог” гэдгийг судлаач онцолсон.
Нийслэлийн Аддиктологи, зан үйл, сэтгэл заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор архинд донтох эмгэгээс гаргах “Тимузол” эмийг энэ үеэр танилцууллаа. Тэрбээр эмийн үр дүн, аюулгүй байдлын судалгааг согтууруулах ундаанаас хамааралтай болсон 100 гаруй хүнийг оролцуулан хийсэн юм байна. Тус эмд ганга өвс агуулагддаг. Түүнээс ялгарах эфирийн тос нь хоргүйжүүлэх үйлдлийг үзүүлдэг. Эмийг оролцогчдод хэрэглүүлэхэд спиртэд хэт мэдрэгшиж, архинаас татгалзаж эхэлсэн гэнэ. Мөн нойрмоглох, арьс загатнах шинж тэмдэг ажиглагджээ. Судалгаа зургаан сар үргэлжлэхэд оролцогчид архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байна. СЭМҮТ-ийн ерөнхий захирал асан Л.Насанцэнгэлийн “Жирэмсэн эхчүүдийн сэтгэл гутралын тархалт” судалгаанд дөрвөн дүүрэг, 11 аймгийн 18-36 насны 1482 жирэмсэн эмэгтэй оролцсон байна.
Тэдний 15.9 хувь нь сэтгэл гутралтай, 84.1 нь хэвийн гэсэн үзүүлэлт гарчээ. Жирэмсэн эхийн нас, орлогын түвшин, оршин суугаа газар, амьдралын нөхцөл байдал, төрөх хугацаа, төлөвлөсөн байсан, эсэх нь сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлдог аж. Жирэмсэн эхийн нас залуу байх тусам сэтгэл гутралд өртөх нь өндөр гэнэ. Бие давхар эмэгтэй сэтгэл гутралд өртсөнөөр хоол тэжээлийн дутагдал, жирэмсний болон төрөх үеийн хүндрэл үүсэх, архи, мансууруулах бодист донтох зэрэг эрсдэлд өртөх магадлалтайг судалгаагаар тогтоожээ. Үүгээр зогсохгүй ээжийн сэтгэл зүйн байдал урагт нөлөөлж, хүүхдийн жин бага төрөх, танин мэдэхүй, зан үйлийн асуудалтай болох эрсдэлтэй гэнэ. Мөн цаашид сэтгэцийн эмгэгээр өвчлөх нь нэмэгдэх эрсдэлтэй.
Сэтгэц заслын төвийн эмч нарын хэлснээр 10-11 дүгээр сард үйлчлүүлэгчдийнх нь тоо өсдөг гэнэ. 20-45 насныхан голдуу очдог байна. “Ариус сэтгэл заслын төв”-ийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбаатар “Гэр бүл, найз нөхдийнхөө сэтгэл зүйн байдлыг ажиглах хэрэгтэй. Шаардлагатай үед нь тусалж байх нь зүйтэй. Манай төвөөр үйлчлүүлэгчдийн дөрөвний нэг нь гэр бүлийн асуудалтай байдаг. Стрессийн шалтгаант эмгэг түгээмэл. Зуны улиралд хүн өөрийн сэтгэл зүй, бие махбодоо нөөж эхэлдэг. Үүнийгээ намраас зарцуулна. Хуримтлуулсан энергиэ өвөл зарцуулаад, хавар нөөц нь дуусаж, тэр үед сэтгэл зүйн асуудал нь сэдэрдэг. Тиймээс өөрийн болон хайртай хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн боловсролд анхаараарай” гэсэн юм.
Мөн сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үйлчилгээгээ танилцуулсан юм. Санал болгосон үйлчилгээнээс сонирхолтой нь “Global shapers community Ulaanbaatar hub”-ийн хэрэгжүүлдэг төслүүдийн нэг нь байв. Энэ нь сэтгэл зүйн байдлаа тогтвортой байлгахад чиглүүлэх “Би ба бодол” карт. Уг карт нь бодлоо цэгцтэйгээр илэрхийлэх, мэдрэмжээ ил гаргахад туслах юм байна. Тэдний хэлж буйгаар сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн чухал нь ярилцах, мэдрэмжээ ил гаргах явдал аж. Бас нэг сонирхолтой бүтээгдэхүүн нь Урлагийн сэтгэл заслын үндэсний төвийн үүсгэн байгуулагч Б.Нарантулгын бүтээсэн буддаг ном. Эл номын хуудас бүрд нь хээ хуар алаглах бөгөөд түүнийг будсанаар хүний сэтгэл санааны байдал тогтворждог гэнэ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг ажилласан бол үндсэн санхүүжүүлэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар оролцов.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн