Зорилтот бүлгийн иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлын хүрээнд энэ жил Засгийн газар БНСУ-аас 300 000 тун вакцин аваад буйг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэв. Энэ нь томуугийн түгээмэл тохиолддог дөрвөн төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэй аж. Тодруулбал, уг вакцин нь томуугийн А, В хүрээний тус бүр хоёр вирусийн эсрэг үйлчлэх нь. Зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд орон нутаг руу вакцин тээвэрлэх ажил үргэлжилж байгааг дээрх төвийнхөн мэдээлсэн.
2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, эмч, эмнэлгийн ажилтнуудыг зорилтот бүлэгт хамруулжээ. Манай улсад томуугийн вирус арваннэгдүгээр сарын сүүлчээс өргөн хүрээнд тархдаг бөгөөд үүнээс өмнө зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Хүлээн авсан нийт вакцины 76 хувийг 2-5 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн гэнэ. Энэ насныхан томуугаар өвчлөх, улмаар биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй тул ийнхүү шийдвэрлэжээ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтыг зохион байгуулах нь. Түүнчлэн цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг нээхээр төлөвлөсөн аж.