Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сараас 2023 оны аравдугаар сар хүртэл ажилласан билээ. Энэ хугацаанд түүний хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна. Тэрбээр “Эрх зүй”, “Эдийн засаг”, “Эрүүл засаглал” гэсэн “Гурван суурьт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. “Эрх зүйн хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу 2021 оны долоодугаар сарын 7-нд шинэчлэн батлуулсан юм. Ингэснээр Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болов. Түүнчлэн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцэж, түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт үлдээх түүхэн шийдвэр гаргасан.
Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, 75 тэрбумыг нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөхөд, 68 тэрбумыг нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан билээ. Тухайлбал, 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй нийтийн тээврийн салбарт 1225 автобус авахаар болсон. Үүнээс одоогоор 415 автобус оруулж ирээд буй. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд нийслэлийн төсвийн орлого 2023 онд 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2020 оныхоос2.3, 2021 оныхоос1.6, 2022 оныхоос1.2 дахин нэмэгдсэн дүн юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулсан. Тус төв нь эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэн, 16 их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор хотын хөгжлийн судалгааг боловсруулж, үүнд үндэслэн бодлого, шийдвэр гаргах болсон юм. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлоод байна. Мөн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор хотын зорчих хөдөлгөөн, нийтийн тээврийн богино эргэлт, их, дээд сургуулиудыг нүүлгэх, гэр хорооллын бүсэд сургууль нэмж барих, агаарын бохирдлыг бууруулах, цаашид авах арга хэмжээний талаарх судалгаа хийлээ.
Цаашид ч нийслэлийг бие даасан эдийн засаг, эрх зүйн чадамжтай болгохоор нэмэлтээр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна. Энэ нь Газрын, Барилгын, Усны, Авто тээврийн, Эрчим хүчний, Тусгай хамгаалалттай газар нутгийн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиас бүрдэнэ.
Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул “Эдийн засгийн хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрийг ашиглах, нийслэлийн үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд гол анхаарлаа хандуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттай арилжих зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолоор гаргуулав. Мөн нийслэлийн үнэт цаасны зах зээлд өрсөлдөхүйц байдлыг нэмэгдүүлэхэд холбогдох зохицуулалтыг Монголбанкны журамд тусгуулж, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор нийслэлийн 500 тэрбум төгрөгийн үнэт цаасны хөтөлбөрийг бүртгэн авлаа. Ийнхүү Улаанбаатар хотын анхны үнэт цаасыг олон нийтэд нээлттэй арилжих бэлтгэл ажлыг Өрийн удирдлагын, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад дагалдах журмын хүрээнд бүрэн хангаад байна.
Улаанбаатар бонд гаргаснаар дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж, санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх боломжтой. Мөн санхүүгийн хувьд бие даан ажиллах боломж бүрдэх юм. Түүнчлэн нийслэлийн нийгэм, эдийн засгийн, санхүүгийн үндсийг бүрдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөж, бусад хөрөнгө оруулалтад түшиглэн хөгжих боломж бүрдүүлэх зорилгоор ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий, төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компани байгалийн баялгийг ашиглаж цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангах, утаагүй хийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. “Эрдэнэс Баянбогд” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул, судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангасан. Эдгээрийн үр дүнг үндэслэн нөөцийг бүрэн тодорхойлж батлуулан, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
15 БҮЛГИЙН 52 СТАНДАРТЫГ БАТЛУУЛАВ
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан юм. Үүний дагуу иргэд эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн 22 бүлгийн 97 стандартын төслийг боловсруулсан. 2022 оноос хойш нийт 15 бүлгийн 52 стандартыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Үлдсэн стандартуудыг ирэх оны I улиралд багтаан батлуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 8500 ОРЧИМ ГАРААШ, 87 898 МЕТР ХАШАА, ХАЙС БУУЛГАЛАА
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний замыг нэмэгдүүлэн, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2021-2023 онд зөвшөөрөлгүй 8500 орчим гарааш буулган, 14.4 га газар чөлөөллөө. Мөн 10.93 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэн авсан. 2022-2023 онд 150 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулснаас 61 байршлын 5.1 га газарт тохижилт, бүтээн байгуулалт хийгээд байна. Түүнчлэн гарааш буулгасан талбай болон гэр хорооллын нийт 118 байршилд олон улсын стандартын шаардлага хангасан, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг 2022 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Өнгөрсөн онд 34 байршилд уг талбайг байгууллаа. Энэ онд 40 байршилд уг ажил үргэлжилж байна.
2021-2023 онд нийт 2252 байршилд 87 898 метр хашаа, хайсыг буулган, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зам, талбайг нэмэгдүүллээ. Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг чөлөөлснөөр ногоон байгууламж нэмэгдэн, явган хүн саадгүй зорчих нөхцөл бүрдэн, үзэгдэх орчин сайжирч буй. Түүнчлэн 2021 оноос хойш зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн 3948 самбарыг буулгалаа.
49 ЦЭЦЭРЛЭГ, 19 СУРГУУЛЬ, ЗУРГААН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
2021-2023 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 49 цэцэрлэг, 19 сургууль, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заалны хоёр барилга барьж, ашиглалтад оруулсан. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 9390, сургуулийн суудал 12 228, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын суудлын хүчин чадал 1660-гаар нэмэгдсэн юм. Мөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 10 байгууламжийг ашиглалтад орууллаа. Тодруулбал, хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээний “Бяцхан тэмүүлэл төв”, “Хантуул төв”-ийн барилга, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн төрөх эмнэлэг, Сонгинохайрханы жишиг Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэргийг барив. Түүнчлэн өдгөө 16 төсөл, хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ
Технологийн шийдлүүдийг ашиглан иргэд ажиллаж, амьдрахад таатай, ухаалаг Улаанбаатар хотыг бий болгох чиглэлээр нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд 1000 орчим монгол инженерийн оролцоотойгоор Улаанбаатар хотын цахим шилжилтийг хийхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тухайлбал, зам, тээврийн нэгдсэн ухаалаг системийн тогтолцоо бий болгохоор “Smartcar” системийг өргөжүүлсэн. Тус системээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 13 төрлийн үйлчилгээ болон бусад мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломж бүрдэв.
2021 онд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын сөрөг нөлөөг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулан “Онлайн бизнес төв” системийг хөгжүүллээ. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй 559 нэр, төрлийн үйлчилгээнээс хамгийн их хүнд суртал, чирэгдлийг үүсгэдгийг нь цахим хэлбэрт шилжүүлсэн. “Онлайн бизнес төв”-ийн тусламжтайгаар бичиг хэрэг болон иргэн, аж ахуйн нэгжийн гаргах зардал, үйлчилгээний шат дамжлагыг бууруулав. Мөн албан хаагч иргэдтэй биечлэн уулзахгүй болсноор авлигаас сэргийлж, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл мэдээллийн сан үүсгэлээ.
НЭГ ХҮНД НОГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 6.5 АМ МЕТРТ ХҮРЭВ
Хотын захирагч Д.Сумъяабазар иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх зорилт тавин ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 120 сая мод тарихаар болсон юм. Тодруулбал, 2020 онд 56 634 мод, бут тарьсан. 2021 онд энэ тоог зургаа дахин нэмж, 364 802 мод, бут тарьсан билээ. Мөн өнгөрсөн жил өмнөх оны үзүүлэлтийг гурав дахин нэмж, 1 334 697 мод, бут тарив. Ингэснээр энэ онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 6.5 ам метр боллоо. Уг үзүүлэлт 2020 онд 3.9, дараа жил нь 4.1 ам метр, өнгөрсөн онд 5.1 ам метр байсан. Мөн зургаан га талбайд эхэлсэн мод үржүүлгийн ажил 32 га хүртэл тэлж, 18 сая үр, суулгац тарьж байна.
Иргэд ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчмын 2.6 га талбайд болон Туул голын эрэг орчмын хоёр байршлын газрыг тохижууллаа. Мөн Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг буулгаж, 10.2 га газрыг нийслэлчүүдийн мэдэлд эргүүлэн авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сэргээн засварлах, тохижуулах ажлыг “Рио тинто Монгол” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
АВТО БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд авто замын сүлжээ, явган хүний болон дугуйн замыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд дараах ажлуудыг хийв.
2021 онд:
•16 байршилд 24.8 км авто зам
•Найман байршилд 47.8 км дугуйн зам
•Хоёр байршилд 577 метр урт гүүр
•73 байршилд 116 786 ам метр явган хүний зам
2022 онд:
•42 байршилд 31.7 км авто зам
•Нэг байршилд 1484 метр урт гүүр
•11 байршилд авто зогсоол
•139 468 ам метр явган хүний болон дугуйн зам барьж, ашиглалтад оруулав.
2023 онд:
•21 байршилд 26.49 км авто зам
•Долоон байршилд 1118.15 метр урт гүүр
•Хоёр байршилд 53.5 км дугуйн зам
•52 746 ам метр явган хүний зам тавих ажил гүйцэтгэж байна.
Тухайлбал, 55 жил болж буй Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, хоёр эгнээтэй шинэ гүүр ашиглалтад орууллаа. Мөн Яармагийг I хороололтой холбох зам, гүүрний ажлын явц 73 хувьтай байна. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай бөгөөд ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна.
“КОВИД”, ҮЕРИЙН НӨХЦӨЛ
Өнгөрсөн хугацаанд “Ковид-19” цар тахал, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн гамшиг бүхий амаргүй цаг үе тохиосон. Хотын захирагч ажлаа хүлээн авснаас хойш цар тахлын улмаас хөл хорио тогтоох, хилийн боомт хаагдах, бараа материал, тээврийн үнэ огцом өсөх зэрэг бэрхшээл тулгарсан юм. Гэсэн ч нийслэлийн удирдлагын баг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран авто зам, боловсрол, гэр хорооллын дахин төлөвлөлтөд түлхүү анхаарч, бүтээн байгуулалтыг зогсоогоогүй. Мөн энэ оны 7-8 дугаар сард болсон гурван удаагийн үер, усны гамшгийн үеэр НОК-ын Шуурхай штаб тасралтгүй ажиллаж, даван туулав. Тухайлбал, долоодугаар сарын эхээр болсон үерийн үеэр давхардсан тоогоор 14 343 хүн 2108 техник хэрэгсэлтэйгээр тав хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Түүнчлэн үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүллээ.