Монголын үндэсний бөхийн холбооноос “Пэпси алтан цом” тэмцээн зохион байгуулж буй. Тус тэмцээний II улирлын нэгдүгээр шатны тав дахь барилдааны сүүлчийн өдөр Дорноговь аймгийн бөхчүүд Улаанбаатар хотын I багийнхантай учраа таарч, 14:11-ээр эхний тойргийн ялалтаа авсан. Дасгалжуулагч, аймгийн арслан М.Бямбадоржийн удирдлагад оролцсон тэд давааны шагналын таван сая төгрөгөө хэд хоногийн өмнө тус аймагт бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрийнхэнд хандивлажээ. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байгаагаа илэрхийлсэн байна . Дээрх тэмцээний дараагийн шатны барилдаан арванхоёрдугаар сард үргэлжилнэ. Ташрамд дуулгахад, МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс “Айрагтай яриа” хэмээх нэгэн шинэ хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөрт Монгол бөхийн цолтнуудын төлөөлөл уригдан оролцож, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд хөтлөн явуулсан нь үндэсний бөхийг сурталчлах, нийгэмд эерэг хандлага бий болгох зорилготой аж.
Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар эхний дугаарыг хөтөлж, улсын аварга О.Хангай, улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, улсын начин Э.Сумъяабат, Э.Батмагнай, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар зочноор уригдан, сонирхолтой яриа өрнүүлсэн байна.