Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр /2023.10.11/ тохиож байна. НҮБ 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэх уриалга гаргаж, улс орнууд түүнээс хойш уламжлал болгон хэвшүүлжээ. Олон улсад эл өдрөөр охидын эрхийг хамгаалах талаар бүх нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, охидод тулгамдаж буй суудлуудыг шийдвэрлэх, тэдний боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах, хүйсээр үл ялгаварлах, жендерийн тэгш бус байдлыг багасгах чиглэлээр кампанит ажил өрнүүлдгээс гадна хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалахад хүн бүрийн үүрэг, оролцоог чухал гэж үздэг.
Тэгвэл манайх “Охидын өдөр”-ийг ихэвчлэн уриа, лоозонгийн шинж чанартай тэмдэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд олныг цочирдуулсан хэрэг цөөнгүй гарах болсноор сая л бид хүүхдийн эрхийг чухалчлах болов. Хамгийн сүүлд 12 настай охинд тохиолдсон харамсалтай үйл явдал өнөөдөр монголчуудыг төв талбайд “жагсаасан” гэж хэлж болно. Тодруулбал, Охидын эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Хөөрхөн дэлхий”, “Үзэсгэлэнт Амитава” ТББ болон Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо хамтран “Өөрчлөлт - нэг сэтгэл, нэг үйлдлээс эхэлнэ” сэдэвт тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Охидын эрх ашгийг хамгаалах олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх энэхүү нөлөөллийн үйл ажиллагаанд иргэд, урлаг, соёлын салбарынхан оролцож, үг, үзэл бодлоо илэрхийлцгээв.
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон ч тус тайван жагсаалыг дэмжин оролцож, охидын эрх, эрүүл мэнд, бэлгийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хүргэж, гарц, шийдэл хайн, санал солилцлоо. Цаашид дээрх төрийн бус байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж, нөлөөллийн цөөнгүй ажил хийнэ гэдгээ ч ярилцаад амжив.
ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 3000 ОРЧИМ ОХИН АМАРЖДАГ
Манайд жилд дунджаар өсвөр насны 1000 орчим охин үр хөндүүлж буй гэсэн харамсалтай статистик бий. Үүний 10 орчим хувь нь бэлгийн хүчирхийллийн шалтгаантай байгааг ч мэргэжлийнхэн хэдийн судалсан байдаг. Мөн жилд дунджаар насанд хүрээгүй 300 гаруй хүүхэд ийм хүчирхийллийн золиос болж буйгаас 87 хувь нь ерөнхий боловсролын сурагчид аж. Мөн жил бүр насанд хүрээгүй 3000 орчим охин амарждагаас 80 орчим хувь нь өрх толгойлж үлддэг... гэх мэт статистикаас үзвэл тэдний бие болоод сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн асуудал нь эдүгээ нэн тулгамдаад буйг харж болно. Иймд гэр бүлийн болон хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжуудыг чангатгах, хэрэгжилтийг хангуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахаас гадна иргэд, эцэг, эхийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бид үзэн, энэхүү тайван жагсаалд дуу хоолойгоо хүргэлээ.