УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн гэв. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, энэ талаарх санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн.
- 1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан
- 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
- 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга, орос, англи, герман, кхмер хэлтэй хэмээн танилцууллаа.