Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр Монгол Улсын иргэн бүр үүрэг хүлээж, оролцоотой байх ёстой, нэг нь нөгөөгөөсөө шаардах байдлаар хандаж болохгүй гэдгийг гишүүд онцолж байгаа юм. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тусгажээ.