Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр "Хүүхэд хамгааллын тухай хууль болон хүүхэд хамгаалалтай холбоотой тоон мэдээлэл өгье. Монгол Улсын хүн амын 36.2 хувь хүүхэд эзэлж байна. 1.2 сая хүүхэдтэй гэсэн үг. Нийгмийн халамжийн дэмжлэгийг 36 хувийг мөн хүүхэд эзэлдэг. Тэднээс хүнсний эрхийн бичиг авдаг нь 76 000, эрсдэлт нөхцөлд амьдардаг нь 14 000 байна. Цар тахлын үед эл тоон үзүүлэлт нэмэгдсэн. 2022 оноос бага зэрэг багассан. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулиа баталж, 21 аймагт мэргэжилтэн ажиллаж байна. Эл хуулийг шинэчлэн баталлаа гээд асуудал өргөс авсан мэт арилахгүй. Хүүхэдтэй тулж ажиллах үйлчилгээг сайжруулах ёстой.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70 гаруй хувийг ар гэр, ээж аав, асран хамгаалагч үйлддэг. 23 хувийг багш, үе тэнгийнхэн гээд сургуулийн орчинд гарч байна. Гэмт хэрэгт өртсөн хүүхдийн тоо 1000 давсан. 2022 онд гэхэд бэлгийн хүчирхийлэл 370 гарсан.
Тиймээс дээрх хуульд хүчингийн хэрэгт тооцох хариуцлагыг чангатгах заалт оруулна. Хүчирхийлэгч ар гэрийнхэн байгаа тохиолдолд хүүхэдтэй хамт төрийн албан хаагч хамт байх зохицуулалт оруулсан. Хүүхэд хамгааллын үйлчилгээ сайжруулна. Сүүлийн үед хүүхдүүд нэгнээ хамгаалж, хөршүүд хажуу айлынхаа асуудлыг дэлгэж дуудлага өгөх нь нэмэгдсэн. Энэ Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд гарсан сайн ахиц. Мөн уг хуулийг баталснаар 21 аймагт Түр хамгаалах байртай. Өнөөдөр 33 асрамжийн газарт 1000 гаруй хүүхэд амьдарч байна. Тиймээс хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах үүднээс олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна. 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хууль нэлээд алдаа оноотой байсан. Нэмээд хуулийг хэрэгжүүлэх, Түр хамгаалах байруудад ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна.
Хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжүүлэхэд Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам манайхтай хамтарч чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
Мөн хуулийн хүрээнд хүүхдийг төрсөн цагаас эхлээд цахим бүртгэлийн системтэй болно. Одоогоор сургуулийн харьяаллаар л бүртгэж байна. Хэдэн жилийн өмнө нэг охин хойт эцэгтээ зодуулсаар байгаад нас барсан. Сургуулийн удирдлага нийгмийн ажилтан мэдсэн. Гэвч охины ар гэр байнга сургуулийг нь өөрчилж, нүүж байсан. Тиймээс сургуулийн болон хорооний нийгмийн ажилтан, хорооны цагдаа хамтарч үүнд маш нарийн анхаардаг болно. Ийм тогтолцоо бүрдүүлж байна. Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжүүлж эхлэхэд 300 сая төгрөгийн төсөвтэй байсан. Одоо ажил их, гарч буй хэргүүд ярвигтай болсон. Нэг дүүрэг 4-5 аймгийн хэмжээтэй том. Дорноговь хүн ам багатай ч хилийн ойр учир хөдөлгөөнт иргэн ихтэй. Тиймээс хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, төсвөө нэмж, нийгмийн ажилтан томилдог болох шаардлагатай. Тусгайлсан гэр бүлийн шүүхтэй болох асуудлыг судалж байна. Хүүхдийн шүүгч, прокурор хүртэл байх ёстой. Сум бүрт хүүхэд хамгааллын мэргэжилтэнтэй хийх шаардлагатай.
Сумд малын мэргэжилтэн тав байхад хүүхдийн мэргэжилтэн нэг л байна.
Хүүхдийн мэргэжилтний 50 гаруй хувь нь жил ажиллаад ажлаас гардаг. Хүүхдийн тоглоомын талбай гэрэлтүүлэг муу, камергүй байна гэдэг үнэлгээ гарсан. Тиймээс Орон нутгийг хөгжүүлэх газраас эдгээрийг залруулах төсвийг гаргахаар хуулийн төсөлд оруулсан. Хүүхдийн такситай болохоор хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч ажиллаж байна.
Хүүхэд хамгааллын төсөв 8 тэрбум байдаг. Энэ мөнгийг дээр дурдсан бүх газарт зарцуулж байгаа. Төсвийн 2.1 хувийг үйлчилгээний зардалд өгдөг. Мөн урьдчилан сэргийлэх ажилд энэ мөнгөнөөс зарцуулдаг. Түр хамгаалах байруудад зарцуулдаг хэмээсэн юм. Энэ хуулийг Гэр бүлийн тухай хуультай уялдуулж боловсруулсан. Ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Энэ хаврын чуулганаар батлуулахаар холбогдох яамд хамтарч ажиллаж байна. Цахим орчны үе тэнгийнхний дээрэлхэлт их. Гадаад улс оронд интернэтэд хайлт хийж, тухайн ёс бус үгтэй хаяг гарч ирвэл анхааралдаа авдаг. Тиймээс бид анх удаа үе тэнгийхний дээрэлхэлтийг хуульчилж байгаа" гэв.