Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ. Бүгд Найрамдах Узбекистан Улстай шууд хамтын ажиллагаа өргөжүүлэх хүрээнд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу 1977 онд тус улсын нийслэл Ташкент хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулж байсан бөгөөд хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон. Гэвч 1994 онд Ерөнхий консулын газрыг татан буулгасан байна.
Узбекистаны Самарканд хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзёевтай дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр тохиролцжээ. Улмаар Гадаад харилцааны сайдын Узбекистан Улсад 2023 оны гуравдугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан.
Түүнчлэн хоёр талын Гадаад харилцааны сайд нарын түвшинд Монгол Улсаас төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух ЭСЯ-ыг Ташкент хотноо нээх тогтвортой нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцжээ. ЭСЯ-ыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөж, холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгаад байна.