“Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэтгэцийн эмч Х.Оргилцэцэг, сэтгэл зүйч А.Пүрэвцэрэн, Л.Мягмарсүрэн нар иргэд, олон нийтэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагч болон тус төвд үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл зөвлөмжийг хүргэж, сэтгэцийн эмчийн үзлэг оношлогоо хийн, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-нд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-өөр ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд өнөөгийн нийгэмд зайлшгүй анхаарах ёстой сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, түүнийг сайжруулах арга зам, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Хүний эрүүл мэндийн салшгүй бөгөөд чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог сэтгэцийн эрүүл мэнд нь хувь хүн бүр өөрийн чадвар чадавхийг ухамсарлаж, амьдралын хэвийн стрессийг даван туулж, үр бүтээлтэй ажиллаж нийгэм, хамт олныхоо ажил үйлсэд хувь нэмрээ оруулж чадах сайн сайхан байдлын төлөв байдал гэж тодорхойлсон байдаг аж.
Энэ нь эерэг утгаараа, сэтгэцийн эрүүл мэнд нь хувь хүн бүрийн сайн сайхан байдал, нийт хамт олны үр дүнтэй үйл ажиллагааны үндэс суурь гэсэн байна.