УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”- д тусгасан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тус салбар оны эхний есөн сарын байдлаар нийт 75 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 86 хувиар өсжээ. Монгол Улс Ази, Европыг холбосон транзит улс болохыг зорьж байгааг сайд дурдаад, нийт 14 улстай авто тээврийн хэлэлцээр байгуулсан гэв. БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрээ шинэчилснээр наймаас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хот руу тээвэр хийх боломжтой болжээ. Мөн Хятадын нутгаар дамжин Казахстан, Киргизстан улсад нэвтэрч, Европын орнууд руу тээвэр хийх боломж бий болсон байна. Польштой авто тээврийн хэлэлцээр байгуулснаар Европ руу гарах тээврийн гарцыг нэмэгдүүлж чаджээ. Түүнчлэн ХБНГУ, Гүрж, Узбекстан улстай хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Урд хөршийн Эрээн, Өрөмч зэрэг хил орчмын хот руу манай иргэд суудлын автомашинтайгаа зорчих боломж нээхээр ажиллаж байгаа гэнэ. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал шинээр ашиглалтад оруулжээ.
Мөн Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгт хуурай боомт байгуулж, экспорт, импортыг нэмэгдүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран судалгаа хийн, ТЭЗҮ боловсруулж байна. Энэ бүхний үр дүнд цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 7-8 дахин хямдарчээ. Мөн олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл давтамжийг нэмэгдүүлсэн аж. Манай улс дэлхийн 42 оронтой агаарын тээврийн харилцааны хэлэлцээр хийснээр 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Энэ онд Катар, Грек улстай хэлэлцээр байгуулсан. Бас Монгол-АНУ-ын хооронд шууд нислэг хийх боломж бүрдэж, эхний ээлжид ирэх оны эхний хагаст багтаан Сан-Франциско хот руу, цаашид бусад хот руу нислэг үйлдэх гэж буй. Ингэснээр тийзийн үнэ хоёр дахин хямдарч, 1000-1500 орчим ам.доллар, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносно. Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буй юм байна. БНСУтай байгуулсан агаарын тээврийн харилцааны хэлэлцээрээр долоо хоногт 10 нислэг хийдэг байсныг 70 болгож нэмжээ. Япон-Монголын хооронд долоо хоногт 61, Монгол-Туркийн хооронд 28 нислэг үйлдэхээр хэлэлцээрийг тус тус шинэчилсэн байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 1820 км төмөр зам шинээр барихаар төлөвлөснөөс 960 км-ийн барилгын ажлыг бүрэн дуусгажээ. Үлдсэн 860 км төм өр замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх нь. Үндэсний төм өр замын сүлжээг өргөжүүлэх хүрээнд энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, нийт 648 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт-Зүүн Хатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр барих ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж буйг сайд дуулгав. Эдгээр замыг барьснаа р Европ-Азийг холбосон төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэх бэлтгэл хангах аж.
Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн 7.1 км төмөр замын барилгын ажлыг ирэх сард дуусгах нь. Мөн Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг ирэх онд эхлүүлэх юм байна. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын гол зам болох Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос төмөр замтай болох зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг тойрон гарах Богд хаан төмөр замын төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулжээ . Энэ бүхний үр дүнд манай улс Ази, Европыг холбосон төм өр замын Алтанбулаг-Улаанбаатар-Замын- Үүд, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Эрээнцав- Чойбалсан-Бичигт гэсэн гурван коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээх үрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, ХангиМандал гэсэн экспортын төмөр замын таван гарцтай болохоор төлөвлөсөн байна .
Мөн “Шинэ сэргэлтийн таван цагариг” хөт өлбөрөөр бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, Ази-Европыг холбосон олон улсын авто замын босоо таван коридортой болох зорилт дэвшүүлсэн аж.